“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 20 дугаарын тойм

  2022-06-03 11:09  51

        “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийтэлсэн байна. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Эрдэнэсийн санг эрхлэх, бүрдүүлэх, хамгаалах, захиран зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд Эрдэнэсийн сан төрийн өмчид байж, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах, үндсэн сан нь байнгын болон байнгын бус хэсгээс бүрдэх, үндсэн сангийн байнгын хэсэгт Монгол Улсын хуваагдашгүй өмч болох эрдэнэс байх бөгөөд тэдгээрийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглох, үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байх, үндсэн сангийн байнгын хэсэгт байх түүх, соёлын дурсгалт зүйл нь хосгүй үнэт зэрэглэлтэй байх, гүйлгээ санд үйлдвэрлэл, судалгаа, дурсгалын зориулалтаар гүйлгээнд оруулах эрдэнэс хамаарах, Эрдэнэсийн санг эрхлэх нэгж Монголбанкны бүтцэд байхыг тодорхойлжээ.

            Мөн дугаарт Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай,  Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт   оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт    оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэлсэн бөгөөд эдгээр хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг тус дугаараас танилцах боломжтой юм.  

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нараас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь тус буцаасан байна.

Мөн дугаарт Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн нийтэлсэн бөгөөд 2022-2036 онд Алтан овоо (Сүхбаатар аймаг), Хан хөхий уул (Увс аймаг), Ноён уул (Сэлэнгэ аймаг), Их Тахилгат хайрхан (Өмнөговь аймаг), Алтан хөхий уул (Ховд аймаг), Суварга хайрхан уул (Архангай аймаг), Алтайханы Таванбогд уул (Баян-Өлгий аймаг), Бурхан Халдун уул (Хэнтий аймаг), Богдхан уул (Улаанбаатар хот), Отгонтэнгэр хайрхан (Завхан аймаг), Сутай хайрхан (Говь-Алтай аймаг), Их Богд хайрхан (Баянхонгор аймаг)-ыг тайх ажээ. Түүнчлэн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилж, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан журмуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох хэсэг, заалтад заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, журмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийг өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмаар Барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Барилгын тухай хуулийн холбогдор хэсэгт  заасан чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоож, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гэрээнд Иргэний хуульд зааснаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон ажлын даалгавар, хөтөлбөр, төлөвлөгөө, мэргэжлийн хариуцлагын даатгал зэрэг асуудлын талаар нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх ажээ.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам нь “Боловсролын зээлийн сан”-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах бөгөөд журамд оюутны хөгжлийн зээл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг тодорхой заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

 

 

 

 


  2022-06-13 11:09  51