Цэс

Холбоо барих

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр (2018.03.30) нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хаврын улирал эхэлснээс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт ирсний дагуу ийнхүү ажиллаж байна гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн юм.


Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн дарга Ц.Лхагва танилцуулсан. Хүүхдийн тасаг нийт 75 ор, зургаан их эмч, арван сувилагчтай ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 133 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувийг 6 сартайгаас 3 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Их ачааллын улмаас мэдрэлийн тасаг, хөнгөвчлөх эмчилгээний өрөөнүүдэд 58 ор нэмж эх, хүүхдүүдийг хүлээн авч байгаа гэж тэрбээр ярилаа. Мөн эмнэлгийн зориулалтын бус байранд, нэгдсэн агааржуулалтын системгүй, зай талбай муу байгаагийн улмаас өвчтэй хүүхэд хэвтүүлэн эмчлэх орчин нөхцөл бүрдэхгүй байна гэж хэлж байлаа.

Түүнчлэн хүүхдийн эмч, сувилагчийн хүртээмж дутагдалтай байгааг онцолсон. Уг нь долоон хүүхдэд нэг сувилагч ногдох ёстой атал өнөөдөр 25-40 хүүхдийн дунд нэг сувилагч ажиллаж байгаа аж.


Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид зөвхөн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах бус, энд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирсэн. Иймээс ачаалал ихтэй байгаа дүүргийн Эрүүл мэндийн төвийн өвчтөнүүдийг бусад ачаалал бага байгаа дүүргүүд рүү шилжүүлэх, эмч, сувилагчийн хүртээмжийг сайжруулах асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, шийдвэрлэх гарцыг хайх болно” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл