УИХ-ын дарга М.Энхболд Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

  2016-09-09 01:00  178
/Мөрдөн байцаах байгууллагын хамт олонд/
Монгол   Улсад   Цагдаагийн   байгууллагын   Мөрдөн   байцаах   алба   үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг тус албаны эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон Та бүхний гэр бүлийнхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
 
Мөрдөн байцаах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх,   түүнээс урьдчилан сэргийлэх өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
 
Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн гэмт хэргийн гаралт, тэр дундаа зохион байгуулалттай шинэ төрлийн гэмт хэрэг өсч, үйлдлийн арга хэлбэр нь  нарийсч, илрүүлж, нотлоход амаргүй, саад бэрхшээл байгаа хэдий ч мөрдөн   байцаагч Та   бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй байж, орчин үеийн техник, технологи, арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах нь чухал юм.
 
Улсын Их Хурлаас хууль сахиулах байгууллагууд түүний дотроос Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, мөрдөн   байцаагч  Та   бүхний  хуулиар   хүлээсэн   үүргээ   бүрэн   хэрэгжүүлэх,   ажиллах нөхцлийг сайжруулах талаар анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх болно. 
 
Мөрдөн   байцаах албаны  алба хаагч, ажилтнууд  хуулийг  чанд  баримталж,  хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгэмд шудрага ёсыг тогтоох  төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
 
Монгол төрийн  түшиг  болсон  Цагдаагийн  байгууллагын  Мөрдөн байцаах албаны нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                            М.ЭНХБОЛД
 
Улаанбаатар хот
2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

  2016-09-22 23:56  178