Цэс

Холбоо барих

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийв

Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы өнөөдрийн (2017.12.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 06 минутад эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн.

Ерөнхий сайд мэдээлэлдээ, Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа  гэдгийг би өнөөдрийн хийх мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ өнөөдөр гадаад харилцаанд бүх зүйл ямар ч асуудалгүй сайн, сайхан байна уу гэвэл бас үгүй. Зарим газар, зарим асуудлаар нөхцөл байдал амаргүй байна. Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна. Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл,  тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна. Харин бид зөв, эрүүл гадаад бодлого явуулбал улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө.

Миний бие шинэ байгуулагдсан Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн албаны өндөр ёс зүйг чандлан баримтлах тухай Албан даалгавар гаргасан нь гадаад харилцаатай мөн салшгүй холбоотой. Гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал гэдгийг онцоллоо.


Мөн тэрбээр, Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно. Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ гэв.

Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийн, уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлдэг тул уг салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нэн тааламжтай эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ  хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна. Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах манай саналыг тус холбооны гишүүн таван орноос ОХУ, Киргиз Улс дэмжээд байна. 

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдгээр механизмуудын хүрээнд хятадын талтай хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.


Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх, уул уурхай, эрчим хүч, барилга орон сууц, хөдөө аж ахуй, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахад чиглэсэн яриа хэлэлцээг хятадын талтай идэвхтэй явуулж, тодорхой үр дүнд хүрч байна. Монголын Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хятадын талаас дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулах явцад үүсэн гарах хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах зорилт тавьж байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.

Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд манай тал онцгой ач холбогдол өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд гурван талт уулзалт өндөр, дээд хэмжээнд гурван удаа болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглалыг баталж, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, 2016 онд гарын үсэг зурсан. Гурван талт хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Өөр олон ирээдүйтэй салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй  байна.

Түүнчлэн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо бид тууштай хэрэгжүүлж байна. АНУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түвшинд хүргэх зорилтоо бататгах хүрээнд улс төрийн харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар тус орны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монголд бий болгохыг зорьж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдсэн үнэт зүйлстэй Монгол Улс, АНУ-ын харилцаа идэвхтэй хөгжиж буйн бас нэг илрэл бол манай Засгийн газарт АНУ-ын Мянганы сорилтын корпораци хоёр дахь компакт гэрээгээрээ 350 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон явдал юм. Энэ тусламж орж ирснээр манай хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэнэ. Монгол Улс Ази, Номхон далайн  улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ. Уламжлалт харилцаатай түнш улс орнуудтай харилцааг өргөжүүлэх чиглэлд ахиц гарч, хамтын ажиллагааны цар хүрээ тэлсээр байна. Тухайлбал, Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэл, БНСУ-тай Иж бүрэн түншлэл, Австрали Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оны зургаадугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэлэлцээр байгуулагдсаны хоёр улсын худалдаа 18.0 хувиар нэмэгдсэн байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдлаа.

Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд  Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн харилцаа хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирэв. Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрэлдэж байна.  Энэ хэлэлцээр Европын Холбооны 28 гишүүн оронд үйлчлэх тул тэдэнтэй хөгжүүлж буй хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлнэ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тус улсын идэвхтэй оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг тодорхой чиглэлүүдээр идэвхжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 73 дугаар чуулганд идэвхтэй оролцож, олон улсын холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг урагшлуулах, Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг хэрэгжүүлэх, НҮБ-ын энхийг сахих ажиллагаанд оролцоогоо  нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын 15000 гаруй цэнхэр дуулгатан дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа хандивлагч эхний 30 улсын нэг боллоо. Засгийн газрын зүгээс цаашид энхийг сахиулах ажиллагаанд инженерийн болон тусгай үүрэгт рот илгээхээр бэлтгэлээ хангаж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаагийн хувьд бид хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьж, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх, арьс өнгө, хүйсээр алагчлахгүй байх үзэл санааг дэмжих, цаазын ялыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Засгийн газар эдийн засгийн байдал амаргүй, хямралтай үед үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч бидэнд эерэг, нааштай үзүүлэлтүүд, өөдрөг төсөөлөлтэй байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлов.

Мөн тэрбээр, Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 7.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспорт 37.5 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 27.9 хувиар буюу 682.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 567.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. Хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу 5.0 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн бөгөөд БНХАУ-тай хийсэн худалдаа 2016 оны мөн үеэс 40.2 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.1 хувиар тус тус өсчээ. Бид өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудыг бататган гадаад харилцааны үйл ажиллагаа, дипломат нөөц бололцоогоо хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлж, эдийн засгийн хямралт байдлыг аль болох бага хугацаанд даван туулахад гол анхаарлаа хандуулж байна. Мөн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хангах, гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 100 дахь орон болсноор далайд гарцгүй хөгжиж байгаа орны хувьд хөгжлийн түншүүдээс дэмжлэг, туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэж байна. Энэ ажлын хүрээнд “Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно. Манай улс 1990 оноос хойш БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 38 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн ихэнх нь 2010 оноос өмнө байгуулагдсан тул загвар хэлэлцээрийн шинэ төслийг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн боловсруулахаар Ажлын хэсэг байгуулсан гэж байлаа.

Түүнчлэн хилийн чинадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтоос гадна Засгийн газрын онцгой үүрэг мөн. Өнөөдрийн байдлаар манай улсын 144 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн иргэн бүрийнхээ төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Засгийн газрын зүгээс гадаадад түр хугацаагаар зорчиж буй болон эх орноосоо алс хол оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Консулын албыг бэхжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх зорьж тодорхой үр дүнд хүрээд байна. Энэ ажлаа цааш үргэлжлүүлэх болно. Монгол иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визгүй зорчдог гадаад улсын тоог нэмэгдүүлэх, виз мэдүүлэхэд тавигддаг шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж, шат дараатай арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар энгийн паспорттай иргэд 19 улсад, дипломат, албан паспорттай иргэд 29 улсад визгүй зорчиж байна. Манай Засгийн газрын зүгээс иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаа амжилттай болоход манай иргэдийн оролцоо нэн чухал юм. Манай иргэд гадаадад зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хариуцлагатай байх нь иргэд зорчих нөхцлийн талаа тохиролцоонд хүрэхэд хялбар болгодог. Энэ нь дипломат, албан паспорт эзэмшигчдэд ч мөн хамаатай. Цаашид дипломат, албан паспорт олгох, эзэмших журмыг шинэчилж, паспорт мэдүүлэгч болон эзэмшигчид хариуцлага тооцдог тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс эх орноо гадаадад сурталчлан таниулахад хилийн чанад дахь монголчуудын холбоод болон төрийн бус байгууллагууд бас нэгэн бодит гүүр болж байгаагаа  Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ дурдлаа.


Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Л.Болд  нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн хувьд Монгол Улсын гадаад харилцаанд баримталж байгаа бодлого, өрийн асуудал болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх эсэх, гадаадад төрийн дээд хэмжээний айлчлал хийхдээ бизнесийн төлөөллийг авч явах талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Аль ч нам эрх баригч болсон ч Монгол Улс гадаад талтай харилцахдаа нэгдмэл байр суурьтай байж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, нэгдсэн зохицуулалттай байх нь чухал гэдэгтэй санал нэг байдаг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд Шадар сайд Ө.Энхтүвшин явсан.  Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон. Энэ тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаад, Гадаад харилцааны яам тодорхой бодлого гаргана. Энэ нь Монгол Улсын гадаад харилцаанд цаашид чухал ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс хоёр хөрш улстайгаа найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр ажиллах болно. Энэ хүрээнд ОХУ-д болох сонгуулийн дараа Ерөнхий сайдын айлчлалыг хийхээр төлөвлөөд байгаа. Мөн БНХАУ-д Гадаад харилцааны сайд албан ёсны айлчлал хийхээр хоёр тал тохирсон гэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөллийг авч явж, тэдгээрийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах болно гэж хариулж байлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, чөлөөт худалдаа эдийн засгийн түншлэлийн Монгол-Япон улс хоорондын хэлэлцээрийн дагуу бид харилцан ашигтай байх зарчим барихыг бодож байна. Энэ асуудалд Гадаад харилцааны яамнаас судалгаа хийн ажиллаж байгаа. Гадаад өрийн тухайд Монгол Улсын зээлжих зэрэглэл дээшилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь өрийн дарамтыг зохицуулах боломжийг бүрдүүлэх, эерэг дохио өгч байна гэж гадны байгууллагууд мэдэгдсэн хэмээн нэмж тайлбарласан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл