Цэс

Холбоо барих

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 16 цаг 35 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын 5.4 дэх хэсэгт заасан “Чанд бахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг баримтлах” зорилгын хүрээнд “Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах” арга хэмжээг тусгасан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр, Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон. Энэхүү хуулийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа талаар дурдаж, энэ хууль 7 бүлэг, 54 зүйлтэй гээд бүлэг тус бүрээр товч танилцууллаа.

 

Үүнд, хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл болох хуулийн зорилтын тодорхойлж, өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг;

Хоёрдугаар бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтыг;

Гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг;

Дөрөвдүгээр бүлэгт өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах бөгөөд энэхүү бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны төрөл, өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр, өмгөөлөгчийн хүсэлт, мэргэшсэн өмгөөлөгч, гадаадын өмгөөлөгчийн үйл ажиллагаа, өмгөөллийн хөлс, гэрээ, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, нууцтай холбоотой зохицуулалтыг;

Тавдугаар бүлэгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Холбооны бүтэц зохион байгуулалт, Холбооны Их хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүйн хороо, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг;

Зургадугаар бүлэгт өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын төрөлтэй холбоотой зохицуулалтыг;

Долдугаар бүлэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааныхаа тайланг хүргүүлэх зохицуулалтыг тус тус тусгасан байна.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан, Л.Болд нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд, УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлэхийн сацуу хуулийн төсөл батлагдсанаар өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай харилцааг хуульчлан зохицуулах боломж бүрдэнэ хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Ингээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулахаар тогтов.


Үргэлжлүүлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр, Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, улмаар уг төслийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулах төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн бөгөөд “Эксим” банкнаас “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах төслийн төсөвт өртөг болох 9.5 сая ам.долларыг 16.148.051 сая ам.доллар болгох санал ирүүлснийг 10.450.000 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг манай тал солонгосын талд дахин хүргүүлээд байна.

Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байна. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэв.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар асуулт асууж, тодруулга авсаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хураалгахад гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсан юм. Ингээд Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл