ТҮҮХЭН ТОВЧООН

ПАРЛАМЕНТЫН АЖЛЫН АЛБАНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монгол Улс төрт ёсны 2230 шахам жилийн түүхтэй. Монгол газар нутагт нүүдэлчдийн байгуулсан анхны төрт улс болох Хүннү гүрэн, Эзэн Богд Чингис хааны тулгыг нь тулсан Их Монгол Улсын төрийн бүтэц,  зохион байгуулалтад парламентат есны үр хөврөл ямар нэг хэмжээгээр байсан нь түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ.

Их Монгол Улсын төрийн дээд эрхийг баригч нь Эзэн Чингис хаан байсан хэдий ч улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудлыг зөвлөлдөж, хэлэлцэн шийдвэрлэх, улмаар Эзэн хаанд зөвлөх, шийдвэр гаргахад нь туслах үүрэгтэи Их хуралдай хэмээх бүтэц байсан байна Их Хуралдай нь хааны алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжнуудаас бүрэлдэж, хааныг сонгон өргөмжлөх, гадаад улс оронтой найрамдах гэрээ хэлэлцээр байгуулах, аялан дайтах шийдвэр гаргах, алба гувчуур тогтоох, хураах, өртөө зам байгуулах зэрэг төр улсын тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах асуудлыг хэлэлцдэг, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байжээ

Чухам тийм ч учраас эрдэмтэн судлаачид Их хуралдайг өнөөгийн парламентын анхны хэлбэр байсан гэж үздэг билээ. Улмаар Их хуралдай нь XIV зууны үед “Ноёдын хурал" хэмээн нэрлэгдэх болсон тухай тэмдэглэсэн байдаг.

Хожим 1914 онд улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байх зорилгоор Богд хаант Монгол Улсын Дээд, Доод хурлыг байгуулан, ажиллуулсан түүхтэй. Хоёр танхимт парламентын хэлбэртэй энэхүү байгууллага нь 8 зүйл бүхий дүрэмтэй байсан бөгөөд Дүрэмд хурлын бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудлын чиглэл, хуралдах өдөр, цагийг тогтоож, хурлаас хожимдсон, тасалсан хүмүүст оноох шийтгэл, хурлаас чөлөө авах журам зэргийг тогтоосон байна.

Улсын Дээд хурал 1914 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр анхны хуралдаанаа хийжээ Улсын Дээд, Доод хурлын гишүүдийг томилон бүрдүүлдэг байсан бөгөөд Дээд хуралд яамдын тэргүүн ба дэд сайд, Нийслэл Хүрээнд буй засаг ба засаг бус хан, бэйл, бэйс, гүн нар, Их шавь, Хөлөнбуйр, Дарьганга, Цахар зэрэг бүс нутгийн тэргүүнүүд оролцдог байж. Дээд хурлыг Бүгд Ерөнхийлөн захирах яамны сайд буюу Ерөнхий сайд удирдаж, ням гараг бүр хуралддаг, Доод хуралд яамдын түшмэд, Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудбын яам, Дөрвөн аймгийн жанжны газар ба суурин жасаадаас тус бүр нэг түшмэл ордог байсан байна. Доод хурлыг Ерөнхий сайдаас томилсон түшмэл удирдаж, баасан гараг бүр хуралддаг байжээ.

Хурлын дүрмийн 2-р зүйлд Дээд, Доод хурлын эрх, үүргийг заахдаа "Дээд хурлын олон сайд ноёд болбоос улс төрийн чухал хэрэгт бодлого гарган зөвлөн хэлэлцээд айлтгахыг айлтгаг. Таслан шийтгэхийг нь таслан шийтгэмүй. Доод хуралд тушаан өгч хэлэлцүүлэхийг нь хянан хэлэлцүүлмүй. Доод хуралд хэлэлцсэн хамаг хэргийг нягтлан тогтоож, гүйцэтгэн шийтгэмүй. Доод хурлын олон түшмэд, бичиг данс бүхий ба үгүй, улс төрд тустай болох хэрэгт санаа гаргаж зөвлөн хэлэлцээд, Дээд хуралд өргөж тогтоомуй. Дээд хурлаас тушаан өгсөн хэргийг хянан хэлэлцээд, саналыг илтгэн мэдүүлж тогтоомуй. Хэрэв хэлэлцсэн хэргийн дотор хараахан нэгэн адил үгүй болохул тус тусын учрыг гаргаж мэдүүлмүй” хэмээн тодорхойлсон байна.

Эндээс үзвэл Дээд хурал нь зөвлөх болон таслах эрхтэй, Доод хурал нь асуудлыг хэлэлцээд саналаа Дээд хуралд мэдүүлэх, эсвэл Дээд хурлаас тушаан ирүүлсэн зүйлийг нарийвчлан хэлэлцээд, эргэж өргөн барих үүрэгтэй байжээ.

Улсын хурал нь тодорхой тооны албан хаагчид буюу Ажлын албатай байсан байх бөгөөд эх зохиогч түшмэл 2, жинхэнэ бичээч 2, нярав 1, зарлага 2, хаалга сахигч 2, галч 2, нийт 11 хүн ажиллаж байсан тухай тэмдэглэгджээ.

Үүнийг өнөөгийн парламентын ажлын алба буюу Тамгын газрын үүсэл байсан гэж үзэх үндэстэй юм.

Улмаар 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулиар "БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд, мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино" гэж заажээ. Энэ үед Бага Хурлын тэргүүлэгчдийн газар хэмээх Ажлын албаны үүрэгтэй бүтэц ажиллаж байсан байна.

1960 онд баталсан БНМАУ-ын гурав дахь Үндсэн хуульд тус улсад гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага байх, Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчид төрийн эрх барих дээд байгууллага байхаар заасан юм. Ардын Их Хурал бүх шатны Ардын Депутатуудын Хурлын тогтолцоог толгойлон, улс орныг төрөөс удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь хянаж, Үндсэн хууль, бусад хуулиудыг батлах эрх эдэлж байжээ.

1940 онд баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард улсын засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал Болно, хэмээн заагаад, Улсын Их Хурлыг Улсын Бага Хурлаас гурван жилд нэг удаа зарлан хуралдуулах, Улсын Их Хурлын чөлөө завсар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн дээд эрхийг Улсын Бага Хурал барихаар тусгасан байна.

Мөн Бага Хурлыг Их Хурлаас 10.000 хүн тутамд нэг гишүүн байхаар тогтоож, 3 жилийн хугацаагаар сонгох, жилд нэг удаа хуралдаж байх, Бага Хурлын өдөр тутмын ажлыг эрхлэх Тэргүүлэгчдийг сонгон ажиллуулахаар тусгасан байдаг.

Ардын Их Хурал нь Тэргүүлэгчдийн газар хэмээх байнгын ажиллагаатай Ажлын албатай байсан бөгөөд Ардын Их Хуралд Мандатын, Төлөвлөгөө төсвийн, Хуулийн төсөл боловсруулах, Үндэсний асуудлын, Хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн, Соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалахын, Залуучуудын зэрэг асуудал эрхэлсэн 10 гаруй байнгын комисс ажиллаж байв.

Энэхүү бүтэц байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал байгуулагдах хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад 1990 онд анх удаа ардчилсан сонгууль болж, түүнээс сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар чуулганаас байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулж, дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож, Улсын Бага Хурлын даргын 1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар Улсын Бага Хурлын ажлын аппаратыг Тамгын газар гэсэн нэртэйгээр байгуулсны дараагаас үйл ажиллагаагаа зогсоосон түүхтэй.

Улсын Бага Хурлын Тамгын газар нь хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага буюу байнгын ажиллагаатай парламентад хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын зөвлөгөө өгч, туслалцаа, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй анхны мэргэшсэн төрийн захиргааны байгууллага мөн бөгөөд үүсэн байгуулагдсанаасаа хойш гурван арваны түүхийг туулаад байна.

Монгол Улсад парламентат ёс, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа төлөвшин хөгжихийн хэрээр түүнд мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлдэг парламентын мэргэшсэн ажлын алба болох Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг улам бүр боловсронгуй болон хөгжсөөр байна.

Аль ч улсын парламентад ажлын алба нь эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээний, мэдээллийн технологийн, зохион байгуулалтын, нарийн бичгийн даргын, санхүүгийн, хүний нөөцийн, архив мэдээллийн зэрэг парламентын үйл ажиллагаанд шаардлагатай иж бүрэн үйлчилгээг шуурхай, шинэлэг байдлаар мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурал, Байнгын болон Дэд, Түр хороод, төслийн ажлын хэсгүүдэд төслийг өргөн баригдахаас эхлээд хэлэлцүүлж, батлуулах, хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх хүртэлх бүх үе шатанд мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалт, судалгаа шинжилгээний болон архив, номын сангийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн бүрдлийг хянах, хэлэлцэх хууль тогтоомжийн төслийг Үндсэн хууль, бусад хуультай нийцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх, парламентын бүх үйл ажиллагааны бичлэгийг үйлдэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах, хууль тогтоомжийг хэлэлцэхэд процедурын тусламж үзүүлэх, баталсан шийдвэрийн эцсийн найруулгыг бэлтгэж парламентад танилцуулах, ёсчлуулах зэрэг олон талт чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Мөн Парламентын судалгааны нэгж, номын сан, архив нь парламент, түүний хороод, гишүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн бодит мэдээлэл, лавлагаа, судалгаагаар хангах, парламентын үйл ажиллагааны баримт бичгийг зохих журмын дагуу архивлан хадгалах, архивын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Харин парламентын боловсон хүчин, хүний нөөц, захиргаа, санхүү, төсөв зардал, материал техникийн хангамж, техникийн үйлчилгээ, харуул хамгаалалт зэрэг асуудлыг захиргаа санхүү, техник зохион байгуулалтын алба хариуцан хэрэгжүүлж байгаа юм

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон үеэсээ эхлэн парламентын Тамгын газрын эрх зүйн үндсийг хуульчлан тогтоож, улмаар түүний зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг нь оновчтой болгож төлөвшүүлэхэд байнгын анхаарал тавьж ирсэн билээ.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын үе үеийн удирдлагууд


Зураг дээр: (зүүнээс) Д.Сандаг-Очир, Д.Батбаатар, Ц.Шаравдорж, Л.Өлзийсайхан, Л.Цог, Н.Лувсанжав, Л.Хангай (УБХ-ын Тамгын газрын орлогч дарга), Ц.Цолмон

Байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар

·         1990-1992 Бяраагийн Чимид

·         1992-1996 Намсрайн Ринчиндорж,

·         1996-1999 Логийн Цог,

·         1999-2001 Баасангомбын Энэбиш,

·         2001-2003 Дааданхүүгийн Батбаатар,

·         2003-2008 Намсрайжавын Лувсанжав,

·         2008 Данзангийн Сандаг-Очир,

·         2008-2012 Цэрэнхүүгийн Шаравдорж, 

·         2012-2016 Бямбадоржийн Болдбаатар, 

·         2016-2019 оны 5 дугаар сар хүртэл Цэдэвийн Цолмон нар ажиллаж байсан.

·         2019 оны 5 дугаар сараас Лувсандоржийн Өлзийсайхан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга юм.