Тамгын газрын чиг үүргийг боловсронгуй болгох чиглэлээр удирдах ажилтнуудын сургалт зохион байгуулав

  2019-11-10 10:37  91

Улсын Их Хурлын Тамгын газраас “Улсын Их Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газрын чиг үүргийг боловсронгуй болгох нь” сэдвээр удирдах ажилтнуудын сургалт, семинарыг энэ сарын 09-ний өдөр зохион байгуулав.


Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтыг зөв, оновчтой тодорхойлох, Тамгын газрын дунд хугацааны стратегиийн төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, удирдах ажилтнуудын манлайлал, сэтгэл зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү сургалтад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар болон хүний нөөцийн ажилтнууд, гэрээт зөвлөхүүд, зарим алба нэгжийн төлөөлөл хамрагдав.


Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нээж, “Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, нэгжүүдийн чиг үүргийн шинжилгээний тайлан”-г судалгааны гэрээт зөвлөх Л.Пүрэвжав танилцуулсан бол Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн “Бүтцийн нэгжүүдийн чиг үүргийн хуваарилалтад хийсэн шинжилгээтэй холбоотой зарим асуудал болон Тамгын газрын стратеги төлөвлөгөө боловсруулах талаар” мэдээлэл хийлээ.


Мөн Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч “Системийн сэтгэлгээ”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн менежер Л.Бархас, Д.Мөнхтуул нар “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжихэд парламентын гүйцэтгэх үүрэг”, МУИС-ийн багш, сэтгэл зүйч Б.Золзаяа “Багаар ажиллах нь амжилтын үндэс”, Удирдлагын академийн багш, доктор, Ж.Жаргал “Стратеги төлөвлөгөө хэрхэн боловсруулах нь” сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавьж, сургалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ онол, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

 Сургалтын төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг болж, сургалтад оролцсон удирдах ажилтнууд чиг үүргийн шинжилгээ, Тамгын газрын стратеги төлөвлөгөөний талаар санал бодлоо хуваалцаж ярилцлаа.





Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс     


  2019-11-11 16:16  91