Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

  2018-05-30 15:26  507


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.30) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 09 цаг  44 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

   Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн улсын бүртэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан юм. Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үндсэн дээр улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулж ажиллуулжээ.


    Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил энэ удаагийн Байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байгаа, харин ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж бүртгэлийн бусад хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх учраас эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

    Ингээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа,  ажлын хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хуулийн зорилтыг нарийвчлан томъёолох, улсын бүртгэлийн ангилал, хөтлөх бүртгэл, бүртгэлийн цахим мэдээллийн сан, иргэдийн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёолол бэлтгэсэн. Мөн хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийг өөрчлөх саналтай байгаагаа дурдав.

   Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж тодруулав. Гишүүний асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн юм.


    Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

    Мөн төслийн 5, 6, 10 дугаар зүйлийг нэгтгэн “Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх” гэсэн 5 дугаар зүйл болгож, бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилах, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлээс бүрдэх, эдгээрээс бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлах, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болох зэрэг зохицуулалт хийхээр болов. Түүнчлэн хуулийн төслийн 14 дүгээр зүйлд “Хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй байна” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсгийг нэмэх, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг “Улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг нөөцлөн технологийн дагуу хадгална” гэж өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн төслийн “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн 25 дугаар зүйлийг “25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, “25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүний санаачлан боловсруулж энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагч гишүүн О.Батнасан энэ талаар хийсэн хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдралд багагүй асуудал, шүүмжлэл дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хэрэгчдийн үйлдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай юм.


    Практикт 14-17 насны дөрвөн хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн” хэмээх зүйл ангид хамаарч, энэ зүйл анги нь “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ял эдэлж байгаа хүүхдийн тоо эрс өсчээ. Тухайлбал, 2017 оны 07 дугаар сарын 01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018 оны 05 дугаар 01-ний байдлаар 58 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байна.

    Иймээс гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулж зохицуулсан Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх хэсгийн “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох, мөн хуулийн 8.6 дахь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалтын болон тус хуулийн 8.7 дахь “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн” гэснийг тус тус хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэдгээ дурдав.


   Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нар төсөл санаачлагч гишүүн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хуулийн салбарынхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрөөд байна. Алдаа  оноогоо хурдан засч цэгцлэх шаардлагатай байтал Засгийн газар хуулийн өөрчлөлтийн талаарх төслөө оруулж ирэхгүй цаг хугацаа алдаж байна гээд нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа, гэхдээ томъёолол дээрээ эргэж харж анхаарахгүй бол хуулийн гажуудал үүсч мэдэхээр байна гэдгийг хэллээ.

   Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар тогтов.

   Байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь нийслэлд амьдарч ажиллаж байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулж, үүрэгжүүлэх үүднээс төсөлд тусгагдсан торгуулийн арга хэмжээ авахтай холбогдсон заалтуудыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хүлээлгэх хариуцлагын үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх субъект нь тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс дэгийн хуульд заасны дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үндсэн Байнгын хороогоор нь хэлэлцсэний дараа Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

    Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцээд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.       


  2018-05-30 13:25  507