Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2018-01-11 15:38  292

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.01.11) нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хууль 2008 онд батлагдан хэрэгжиж байна. Улсын Их Хурал Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус  батлан хэрэгжүүлж байсан. Энэ арга хэмжээнд нийт алдар цолтой 2440 ахмад настан хамрагдаж, 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэлээ. Улсын Их Хурлаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг нэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Болд нар тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.


2018 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэх эх үүсвэр болгож 117 тэрбум төгрөг тусгасан. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 388 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд дээрх хэмжээний эх үүсвэр нь багагүй хөрөнгө гэдгийг салбарын сайд С.Чинзориг онцолж байв. Энэ хөрөнгөө нийт тэтгэвэр авагчдадаа тэгш хуваан 2018 оны нэгдүгээр сараас нэмэх юм бол хүн тус бүрийн тэтгэвэр дунджаар 8 хувиар нэмэгдэнэ. Нийт татвар авагчдын 60 орчим хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бүх тэтгэврийг 8 хувиар нэмэх тохиолдолд өндөр тэтгэвэр авдаг ахмад настны тэтгэвэр илүү, харин бага тэтгэвэр авдаг хүний тэтгэвэр дээр бага хэмжээний нэмэгдэл хуваарилагдах юм. Иймд тэтгэврийн хэмжээг нийтэд нь хувь тогтоож нэмэгдүүлэх биш, тодорхой мөнгөн дүнгээр хоёрдугаар сарын 01-нээс нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгааг тэрбээр дуулгасан. Мөн ахмад настнуудын орлогыг бодитоор дэмжих зорилгоор арилжааны нэр бүхий банкуудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй болгосон гэлээ. Тэтгэврийн зээл авсан ахмад настны сар бүрийн тэтгэврийг нь 100 хувь зээлд суутгаж авдаг байсныг өөрчилж 70 хувь болгон бууруулж үлдсэн 30 хувийг хэрэглээнд нь зориулж  гарт нь олгож байхаар зээлийн нөхцлийг сайжруулсан гэлээ. Төсөв, санхүүгийн бололцоотой бол ахмадуудын тавьж буй хүсэлтийн дагуу  тэтгэврийн зөрүүг арилгах, итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх, халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж Статистикийн төв газраас зарлаж буй амьжиргааны төвшинтэй дүйцүүлэх тогтолцоонд оруулах шаардлага бий гэдгийг С.Чинзориг сайд тайлбарлалаа. Мөн халамжийн чиглэлээр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн.

Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.


Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагчаас агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институцийн оролцоог хангах, уг арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах, мөн Агаарын бохирдлын эсрэг сангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төслийг боловсруулсан байна. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл дэх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаарын бохирдуулсын төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Сүхбат, Б.Саранчимэг, Д.Дамба-очир, Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар Байнгын хороодын дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга хийлээ.


Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг татан буулгаснаар энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан талаар Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав. Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсч байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол өнөөдрийн төвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хөндөх хэмжээнд асуудлууд үүссэн гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж байгаа тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүй байгааг хэлсэн юм. Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 250 мянга гаруй өрх байгаа ч ердөө 13 хувь нь арилжааны банкны зээлийн шаардлага хангаж байгаа аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны м.кв-ын үнэ 2 сая орчим төгрөг байгаа бол иргэд м.кв нь 1.2 сая ба түүнээс бага өртөгтэй байгаа тохиолдолд худалдан авах сонирхолтой байгаа аж. Үүний зэрэгцээ нийслэл дэх 100 мянга гаруй өрх эзэмшил газартаа тохижилт хийн гэр хороололдоо амьдрах сонирхолтой байгаа гэдэг судалгаа, мэдээллийг холбогдох газрууд гаргасан байдаг гэлээ. Иймд эдгээр иргэдийн сонирхол, зорилгыг ч гэсэн ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсч байгаа гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн.


Ипотекийн нийт зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр хэллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулав.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгбүрээр санал хурааж шийдвэрлээд, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-01-11 15:38  292