“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 17 дугаарын тойм

  2022-05-13 09:06  109

            “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Энэ хуульд “Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн” болохыг томьёолж, тус байгууллагыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгах, байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга томилох, байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталж, байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөх талаар тусгасан байна. Мөн дугаарт Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтэлсэн бөгөөд хуулиар цэргийн тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүний алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, гүйцэтгэх ажилтай холбогдох бие бүрэлдэхүүн, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх ба албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээ, цэргийн алба хаагчийн онцгой нөхцөлийн болон хуульд заасан бусад нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримтлах ажээ.

     Эмхэтгэлийн шинэ дугаарт Зэвсэгт хүчний тухай хуульд  нэмэлт оруулах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн тул эдгээр хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

     Мөн дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигаар Монгол Улсаас Румын Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Румын Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилж, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилжээ.

     Эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах” тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тогтоолын хавсралтаар “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан байна. Уг журмыг газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн  зураг төсөл боловсруулах, магадлал хийх, олон улсын норм, дүрэм, стандартыг бүртгэх, барилга байгууламжийн ажлын зөвшөөрөл олгох, барилгын болон газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл бүхий талбайд явуулах газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх, бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлт, Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалттай холбогдсон харилцааг зохицуулахад мөрдөх ажээ.

       Мөн Дүрэм шинэчлэн батлах, Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан нь Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 


  2022-05-17 08:54  109