УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг тэрбээр онцлов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой байх, Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тус тус тогтоож, барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил болгон бууруулж, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар хуулийн төсөлд тусгасан гэлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өрхийн бизнес эрхлэгчид хоршоолол байгуулж төрийн худалдан авах ажиллагаанд оролцож болох эсэх, томоохон хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Улсын Их Хурал жил бүр тухайн хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар тоон мэдээлэл авдаг болох, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чанарын баталгаат хугацаанд барьцаалах гэрээний үнийн дүнгийн хувь хэмжээг 5 хувиас бууруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж, гэрээ байгуулах замаар зохион байгуулах нь төсвөөс гадуур зарцуулах эрсдэлийг бий болгох эсэх талаар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу явагдаж байгаа ажлыг харж байхад төсвийн жил эхэлснээс хойш төсөвт байгууллагуудын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, төсөв хуваарилагдах гэх мэт ажил явсаар хоёрдугаар сарын нэгнээс хойш тендер зарлах, худалдан авах ажиллагааны эхлэл тавигддаг. Тендер зарлах гэсээр байтал эхний улирал дуусдаг. Тендер зарлагдсаны дараа шалгаруулах, гэрээ байгуулах ажил зургаа, долдугаар сард хийгддэг. Ингээд ажил эхлэх гэсээр байтал найм, есөн сар хүрдэг. Ингээд дулааны улирал удалгүй дуусч он дамжин, бас чанаргүй хийгддэг. Тэгээд хамгийн хямд гэсэн шаардлага тавиад төрийн бүтээн байгуулалт хамгийн хямд, хамгийн чанаргүй явсаар ирлээ. Энэ асуудлууд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдэгдэх үү гэж асуусан.
Тендер болон сонгон шалгаруулалтад оролцоод шалгараагүй аж ахуйн нэгжүүд шалгарсан аж ахуйн нэгжийг үл ялих шалтгаанаар шүүхийн болон бусад байгууллагад өгч, маргаан үүсгээд ажлыг нь зогсоочихдог. Энэ мэт зүйлийг зогсоох боломж бий болох уу хэмээн мөн тодруулсан.
Сангийн сайд Б.Жавхлан, цаг хугацаатай холбоотой эрсдэл үүсдэг нь үнэн. Тийм учраас энэ хуулиар зохицуулагдах төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын үр дүн, чанарыг бодож, цаг хугацааны эрсдэлээс сэргийлэх зорилгоор яаралтай зохицуулах шаардлагуудын хүрээнд нэмэлт, өөрчлөлтийг хийхээр оруулж ирсэн. Мөн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа. Намар өргөн барихаар бэлтгэж байна. Цаг хугацааны хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор хөгжлийн гэж үзэх зургаан багц, 92 төслийг баталсан. Эдгээр төслүүдийг яаралтай эхлүүлэх, эзэнжүүлэх, үр дүнг нь гаргах зорилгоор эхний ээлжинд хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлуулахаар хэлэлцүүлж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлыг хийхээр сонирхож буй, гүйцэтгэх чадвар бүхий жижиг, дунд, том гээд бүх аж ахуйн нэгжүүд бүгдэд нь сонгон шалгаруулалтад оролцох боломжийг тэлж өгсөн. Мөн төр талдаа гүйцэтгэлийг нь хурдан шуурхай болгох сайн өөрчлөлтүүд тусгасан гэж үзэж байгаа.
Ер нь сүүлийн жилүүдэд төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой гомдлын тоо эрс багассан. Статистикаар 63 хувь нь үндэслэлтэй гомдол байна. 37 хувь нь үндэслэлгүй гэж үзэхээр гомдол байгаа. Нийт төрийн худалдан авах ажиллагааг тооцвол энэ арга хэмжээтэй холбоотой гомдол гаргах нь эрс багассан. Нийт тендер шалгаруулалтын гурван хувьд гомдол гарсан байна.
Нэмээд хэлэхэд хамгийн хямд гэдэг зарчмаас болоод хамгийн хямдыг сонгохоор гүйцэтгэл дээр эрсдэл гардаг. Хугацаандаа дуусдаггүй, удах тусам цаашаа үнэ нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Намар хуулийн төсөл өргөн барихаар тодорхой болно гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.