“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 22 дугаарын тойм

  2022-06-17 10:55  30

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим  арга хэмжээний тухай, Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлсэн байна. Тухайлбал, “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.

 

“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхбаярын Батшугар, Дамдинсүрэнгийн Өнөрболор нарыг Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүнээр баталсан байна.

 

“Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ.

 

Мөн эмхэтгэлд “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг тус тус нийтэлсэн байна. Тухайлбал, “Монгол Улсын Засгийн хуралдааны журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журамд Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах, явцыг баримтжуулах, шийдвэрийг албажуулах, нийтлэх, сурталчлах харилцааг зохицуулахаар тусгажээ.

 

 Түүнчлэн “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д холбогдох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

 

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолоор дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай иргэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний суралцахуйг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ нь иргэдэд амьдралын аль ч үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран англи хэлийг суралцах боломжийг олгоход чиглэх төдийгүй уг арга хэмжээг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 


  2022-06-22 10:55  30