Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өндөрлөлөө


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.09) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 02 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнөөдөр УИХ-ын чуулганд оролцож үг хэлэх болсон шалтгаан маань энгийн, тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай гэсэн 7 дүүрэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь гээд 7 аймгийн ард иргэдтэй уулзлаа. Та бүхэнд хандаж байгаа нь ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг ойрын болоод хэтийн бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаа юм гэдгийг онцлов.

Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна. Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулан, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх болно гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асуусан боловч тэрбээр Эрдэнэт, Хөвсгөл, Булган аймгийн иргэдтэй уулзах тов зарласан тул гишүүдийн асуултад хариулж амжихгүй гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов



Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог байсныг өөрчилж, сонгон шалгаруулалтаар олгодог болсон. Хуучин хуулиар “өргөдөл” нэрийн доор хэн түрүүлж кноп дарсан, хэн түрүүлж өргөдлөө өгсөн нь авдаг, далд хэлбэрээр гарын үсэг наймаалцдаг хууль бус үйл ажиллагаа байсан. Үүнийг нээлттэй сонгон шалгаруулалт болгон өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд жил бүр улсын төсвөөс хийгдсэн эрэл хайгуулын зардлыг нийт эрэл хийсэн талбайд харьцуулж, нэг га тутмыг үнэлэн сонгон шалгаруулалтаар олгон, хамгийн багадаа тухайн жилд зарцуулсан улсын төсвийн хөрөнгийн зардлыг эргүүлэн олж авах давуу тал үүсч байна. Тухайлбал, 2018 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн 68 талбайг сонгон шалгаруулалтаар олгон 15.1 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр салбарын яамнаас санал ирүүлсэн байсан. Харин өргөдлөөр үнэ төлбөргүй олгохыг болиулж, сонгон шалгаруулалтаар олгох хуулийн өөрчлөлтөөр нэмж 8.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Нийт 23.1 тэрбум төгрөгийн сонгон шалгаруулалтын орлого улсын төсөвт төвлөрөхөөр хуульд тусгагдсан.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нээлттэй, ил тод, түргэн шуурхай олгодог болгох нь энэ удаагийн хуулийн гол зорилго юм. Өмнөх хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө өргөдлөөр авсаны дараа тухайн орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авдаг байсан. Тухайн орон нутаг зөвшөөрөхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогдохгүй, гацах эсхүл авилгалд өртөх эрсдэл их байсан. Тиймээс хуулийн өөрчлөлт хийхдээ тухайн тусгай зөвшөөрлийг олгохоосоо өмнө орон нутгийн саналыг авч, зөвшөөрсөн тохиолдолд олгох харилцааг хуульд тусгасан. Иймээс хайгуулын ажлын цар хүрээ буурах биш, харин ч төрийн хүнд суртал арилах давуу талтай гэдгийг дурдав.


Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 тоот тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоол, мөн өдрийн Засгийн газрын хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгоод байна. Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас журмын төслийг шинэчлэн боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулахад бэлэн болоод байна. Журмын төслийн гол онцлог нь сонгон шалгаруулалт явуулдаг байнгын ажлын хэсгийг татан буулгаж, зургаан сарын хугацаанд тогтмол солигддог гурван тусдаа түр ажлын хэсгийг бий болгохоор холбогдох өөрчлөлтийг тусгаад байна.

Түүнчлэн УИХ-аар 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр соёрхон баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувийн албан татвар ногдуулдаг байсан. Харин эрх борлуулсны төлбөр, тэр дундаа лицензийн үнэлгээний талаар тодорхой хуулийн зохицуулалт дутмаг байснаас хамаарч татварын орлогыг бүрэн авч чаддаггүй байсан. Иймээс үнэлгээ тооцох аргачлал эрхийг хуульд тусгаж өгсөн. 2017 оны 10 дугаар сарын байдлаар татвар төлөгчид нийт 27.7 тэрбум төгрөгийн борлуулалтын гэрээний дүн мэдүүлсэн. Үүнийг татварын алба судалж үзэхэд 47.1 тэрбум төгрөг болохоор байлаа. Улмаар жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 орчим тэрбум төгрөг болно гэж тооцоод, 2018 онд энэ дүн 2 дахин өсөхөөр төлөвлөж нийт 17.6 тэрбумийн орлого төсөвт нэмж төвлөрүүлэхээр тусгасан. Алтны ордын үнэлгээ 4.4 тэрбум төгрөг байхад 50 сая төгрөгөөр үнэлсэн жишээ олон байна. Тусгай зөвшөөрлийг үнэн зөвөөр үнэлээгүйгээс сүүлийн 5 жилд 40 тэрбум төгрөгийн орлогыг алдсан тооцоо байна. Татварын албаны мэдээллээр 2017 онд нийт 92 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 27.7 тэрбум төгрөг, үүнээс 8.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 47.1 тэрбум төгрөгийн орлогод 14.1 тэрбум төгрөгийн татвар ногдож болохоор байсан.  2016 онд нийт 111 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 2.7 тэрбум төгрөг, үүнээс 0.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 20.9 тэрбум төгрөгийн орлогод 6.3 тэрбум төгрөгийн татвар ногдох боломжтой байсан гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тэрбээр, хувьцаа шилжүүлэх бүр эцсийн эзэмшигч өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Олон улсын татварын хамгийн чухал баримт бичгүүдийн нэг болох НҮБ-ийн 2011 оны Давхар татварын загвар хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хувьцаа, түүнтэй адилтгах ашиг сонирхол, хувь оролцоо шилжүүлсэний орлогын 50 болон түүнээс дээш хувь нь шууд болон шууд бус хэлбэрээр үл хөдлөх хөрөнгөөс хамааралтай бол үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй этгээдийн оршин суугаа улс татвар ногдуулахаар заасан. BEPS-ийн 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх Олон талт конвенцид дээр дурдсан НҮБ-ийн давхар татварын загвар хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг гишүүн орнууд заавал хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Монгол Улс BEPS-ийн 111 дэх гишүүн орон болсон тул энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг давхар хүлээж байгааг Ч.Хүрэлбаатар сайд мэдээлэлдээ дурдсан.

Олон Улсын Валютын Сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар ямар нэг зөвлөмж өгөөгүй бөгөөд гол зорилго нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхыг зөвлөмж болгосон. Энэ хүрээнд, татварын сууриа хамгаалж, татварын ногдлоо бүрэн авдаг болохыг зөвлөж, Татварын ерөнхий хуульдаа өөрчлөлт оруулахыг зөвлөсөн. Иймээс ч аливаа хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг таслан зогсоох, тийм шинж чанартай гэрээ хэлцэлд холбогдох татварыг бүрэн ногдуулдаг байх нь татварын суурийг хамгаалах чухал зохицуулалт болох юм. Өөрөөр хэлбэл, ашигт малтмал болон газрын эрхийг бусдад шууд борлуулахад 30 хувийн татвар ногдохоор байгааг бууруулж, зөвхөн уг эрх бүхий компанийг борлуулах замаар дээрх татварын ногдлыг 10 хувь болгон бууруулах бүрэн боломж татвар төлөгчид байна. Иймээс хуулийг дээрх цоорхойг нөхөх зорилгоор холбогдох хуулийн өөрчлөлтийг хийсэн нь татварын сууриа хамгаалах зорилготой тул Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн зорилготой бүрэн нийцэж байна гэж байлаа.


Хуралдаанд Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Асуулгын хариулттай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Мөнхбат, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Дэлгэрсайхан, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав.

Гишүүдийн зүгээс ашигт малтмал болон газрын эрхийг бусдад шууд борлуулсан татварын хувь хэмжээг бууруулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын холбогдох журмыг боловсруулсан эсэх, хөрөнгийн биржээс аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авах, борлуулахад татвар ногдуулах, газрын лицензийн ил тод  байдлын талаар илүүтэй тодруулж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компаний эцсийн эзэмшигч гэж зөвхөн хамгийн олон хувьцааг эзэмшдэг этгээдийг хэлнэ. Тиймээс аж ахуйн нэгжийн хувьцааг багаар авсан, цөөн хувьцаа эзэмшигчдээс татвар авахгүй. Ашигт малтмал болон газрын эрхийг шилжүүлэхэд 30 хувийн татварын ногдуулсан байдаг. Аж ахуйн нэгжүүдээс татварын хувь хэмжээ өндөр байгаа талаар гомдол, санал ирүүлдэг. Сангийн яам энэ асуудлыг судалж байгаа. Татварын хувь хэмжээг бууруулах боломж байгаа хэмээн хариулав. Түүнчлэн ашигт малтмал, газрын эрхийг шууд борлуулахдаа татвараас зайлсхийхийн тулд компаниа бүхлээр нь зарах асуудал гарах хуулийн цоорхойг хаасан. Компанийн хамгийн олон хувьцаа, зах зээлийн үнэлгээ, саналын эрхийг эзэмшиж байгаа этгээдийг ил тод болгож, татвар ногдуулахаар тусгасан. Европын холбооны хар жагсаалтад Монгол Улс орсон. Монгол Улс BEPS-ийн гишүүн орон тул эцсийн эзэмшигчийг ил тод болгох тэрхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр манай гадаад харилцаа, бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын талаар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал гишүүдийн зүгээс энэ салбарыг дэмжсэн бодлогын судлагааны бүтцийн байгууллага бий болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа явуулахад тогтвортой  эрх зүйн орчныг бүрдүүлэх,  алс хэтийг харсан бодлого боловсруулах, ашигт малтмал болон газрын эрхийг бусдад шууд борлуулахад ногдуулсан татварын хувь хэмжээг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.


Үүгээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. Монголд Улсын Их Хурлын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. (Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг http://www.parliament.mn/n/mj8o сайтаас бүрэн эхээр нь танилцана уу). Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл