Цэс

Холбоо барих

Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 15 цаг 42 минутад 52.6 хувийн хувийн ирцтэй эхэлж,  дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох бусад албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.


Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслүүдийн талаар хийсэн танилцуулгадаа, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьж хэлэлцүүлж байна. Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.Мөн төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцлов.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлага 11.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцсоныг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. 


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, С.Батболд, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нараас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн  хуралдаанд оролцсон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар, тодруулга өгсөн юм. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн зардал дээр суурилж 2019 оны төсвийг боловсруулсан, ингэхдээ бодлогын зарим өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн цөөн зардлыг зарим байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв дээр нэмж суулгасан, тэдгээрээс бусад нь 2018 оны батлагдсан төсвийнхөө хэмжээнд байгаа гэдгийг тодотголоо.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн онтой харьцуулахад батлан хамгаалах салбарын төсөв зохих хэмжээгээр нэмэгдсэн. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нэмэгдэл урамшуулалтай холбоотой зардлыг хүсэлт гаргасан болон болзол шаардлага хангасан албан хаагчдын бодит тоонд үндэслэн гаргаж тусгуулсан. Энэ асуудал сая батлагдсан шинэ хуульдаа нийцэж байгаа. Харин зэвсэгт хүчний хөгжлинй сангийн энэ жилийн орлогын төлөвлөгөө хараахан биелээгүй байгаа, иймээс ирэх оны төсвийг төлөвлөхдөө болгоомжтой хандсан тал бий гэлээ.


Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар батлагдсан төсвөө аль болох үр ашигтай зарцуулах, боловсон хүчний чадавхиа бэхжүүлэх замаар бодлогын асуудлаа эрэмбэлж үе шаттайгаар хэрэгжүүлэх, эхний ээлжинд худалдааны төлөөлөгчийн газраа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Энэ үндсэн дээр ирэх онд Хөрш орнуудын газрын орон тоог 5 хүнээр нэмэгдүүлнэ, мөн Бээжин, Токио, Сөүлд Худалдааны төлөөлөгчийн газар нээж ажиллуулахаар төсөвт тусгуулсан. Түүнчлэн манай улс Төв Азид оршдог хэдий ч энэ чиглэл рүү хандсан бодлого дутмаг явж ирсэн. Иймээс энэ чиглэлд илүүтэй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа, энэ үндсэн дээр Киргизстан Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрынхаа статусыг өргөжүүлж Элчин сайдын яам болгосон, одоо Белорусь Улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөн яриа хэлэлцээ хийгдэж байгаа гэдгийг хэллээ.

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслүүдийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийсэн юм.


 Манай улс БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан хэдий ч эдгээр гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байгаа аж.

Монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах бодлогын хүрээнд 2012 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, улмаар "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 онд байгуулжээ.

Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр талууд уг хэлэлцээрт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд гарын үсэг зуржээ.

Одоогоор манай улсын 35 иргэн Хонконгд ял эдэлж байгаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон 13 гишүүний 12 нь  буюу 92.3 хувь нь “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцээрийг соёрхон батлуулахаар шийдвэрлэлээ.


Дараа нь “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд тус тус байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагууд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Астана хотод гарын үсэг зурсан байна.

Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлж авчээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар манай улсын 6 иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг  нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Иймээс “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийсэн юм.


Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа. Төслийн эхний шатанд Тусгай хамгаалалттай гакар нутгийн байгаль хамгаалагчдыг өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, дээрх газруудыг өндөр хурдны шилэн кабелийн интернетийн сүлжээнд холбох, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, менежментийн болон аялал жуулчлалын, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд гүйцэтгэжээ. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 машин, бартаат замын 64 мотоцикл нийлүүлж, хээрийн судалгааны багаж хэрэгсэл, гал түймрийн тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Иймээс Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Төслийн 2 дугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмж хамруулан төслийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, С.Батболд нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл