Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн байнгын хорооны дэд даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.12.21) БНХАУ-ын БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн байнгын хорооны дэд дарга Yin Zhongqing тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж байгаа. 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургаадугаар сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, есдүгээр сард “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д тус тус оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Харин наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, аравдугаар сард ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн нар Монгол Улсад айлчилсан. Эдгээр айлчлалуудын хүрээнд олон чухал төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийж, эхнээсээ бодит ажил хэрэг болох алхамууд тавигдаж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дэд дарга уулзалтын эхэнд онцоллоо.


Тэрбээр, Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж байна. БНХАУ-ын Засгийн газраас хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж байгаа нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байгааг тэмдэглэсэн юм.   


БНХАУ-ын БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн байнгын хорооны дэд дарга Yin Zhongqing хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын харилцаа түүчээлэн байгааг үгийнхээ эхэнд цохон тэмдэглээд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтаж, олон чухал ажлыг хамтран хийхээр холбогдох байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байгааг дурдав.


Мөн тэрбээр, Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын харилцааг улам идэвхжүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд аль аль талдаа хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй. Иймд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ долоо хоногт БХАТИХ-аас гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаа шинэчлэн батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, уул уурхай, эрчим хүч, орон нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Ундармаа, БНХАУ-ын БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн байнгын хорооны гишүүн, ажлын албаныхан байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл