Зарим сумдад зөөврийн мал угаалгын төхөөрөмжийг гардуулан өгөв

  2018-09-12 17:03  173

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдад ажиллаж, зөөврийн мал угаах төхөөрөмж гардуулан өглөө.


Сүүлийн жилүүдэд мал угаалга тасалдаж, малчдад малаа угаалгах боломж хомсодсны улмаас малын өвчлөл нэмэгдэх болсон. Өнгөрсөн өвөл, хавар Архангай аймгийн хэд хэдэн суманд халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэмд байсан. Малын өвчлөлийг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэхэд мал угаалга нэн чухал үүрэгтэй бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачлан Засгийн газарт санал тавьж ажилласны дүнд эхний ээлжинд дээрх гурван суманд зөөврийн мал угаах төхөөрөмжийг гардуулан өгөв.


Зөөврийн мал угаах төхөөрөмж нь тухайн сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэдэлд ирж байгаа бөгөөд мал эмнэлгийн нэгжүүд малчидтайгаа зөвшилцөн малыг хол тууварлахгүйгээр гэрийн хаяанд нь малыг нь угаах боломж бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.

Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь энэ бөгөөд малыг тодорхой хугацаанд тогтмол угаалганд оруулснаар малын паразиттах өвчнөөс эхлүүлэн халдварт өвчнүүдийн нян бактерийг устгаж, ариутгахаас гадна малын арьс үс, ноос, ноолуурын чанарт хүртэл эерэг өөрчлөлтийг үзүүлдэг байна.



Архангай аймаг нь мал аж ахуйд түшиглэсэн аймаг бөгөөд малын тоогоор ч улсдаа тэргүүлдгийн хувьд малаа эрүүлжүүлэх тал дээр тодорхой ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Үүний эхлэл болгож УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг зөөврийн мал угаах төхөөрөмжийг гардуулж өгсөн байна. Сум тус бүрт угаалгын төхөөрөмжийг гардуулж өгөхдөө малчин айлд мал угааж туршилт хийсэн юм. Малчид хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал ажил болсныг онцолж, талархал илэрхийлж байв.


Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тус аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумын зарим малчин айл, өрхөөр зочлон санал солилцов. Малчдын ярьж буйгаар, хэдийгээр зуншлага сайхан болсон ч хавар ихээхэн хуурайшиж, отрын бүс нутагтаа малчид нь хаваржсан тул хадлангийн гарц муу байгааг дуулгаж байна.

Дашрамд дурдахад, Архангай аймаг энэ жил 5,3 сая мал тоолуулсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхлээд байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа.


  2018-09-12 17:01  173