Улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихээ илэрхийлэв

  2019-07-30 12:38  412

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов.

Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын дарга, удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Очирбат, АН-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Н.Батбаяр нар оролцсон юм.   


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан таван удаагийн цуврал хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд нь улс төрийн намуудын удирдлагуудад талархал илэрхийлэв.

Дараа нь уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Үг хэлсэн намуудын дарга нар Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгүүд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохиогдож, санал бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэн аль болох зөвшилцөл, ойлголцолд хүрэх, төслийн зүйл, заалтуудын талаарх ойлголт, байр сууриа нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.


Мөн энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд илэрхийлэв. Тэр дундаа байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтыг бий болгох, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөхөөр тусгасантай улс төрийн намууд санал нэгтэй байгаа, тиймээс хэлэлцүүлгүүд дээр гарсан тодорхой саналуудыг тусгах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн зүйлийн 35 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал нийлэх, нийлэхгүй заалтын  аль аль нь бий. Гэхдээ зарчмын гол асуудлууддаа төвлөрч, сайн ярилцаж нягтлаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгүүдээс ч ийм дүр зураг харагдсан.

Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг  дэмжиж байгаа. Манай нам сонгуулийн тогтолцооны хувьд 100 хувь пропорционал байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Ингэснээр бодлого ярьдаг төртэй болж парламент нь ч, улс төрийн намууд нь ч төлөвшинө, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүчтэй Засгийн газар, Ерөнхий сайдтай ч болж чадна.

Харин энэ удаагийн төсөлд эдийн засгийн асуудлуудыг дорвитой  оруулж ирж чадсангүй. Ядахдаа төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг заалтыг Үндсэн хуульдаа суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иргэний Зориг-Ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ерөнхий шүүмжлэлүүд байгаа ч нэгэнт Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн барьж, бас улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд өргөн хүрээтэй оролцон байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Харин байгалийн баялгийн асуудалтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмний өмч гэж өөрчлөх саналтай байгаа. Манай намаас сошиал сүлжээгээр иргэдээс авсан санал асуулгад оролцогчдын 99 хувь нь ийм саналтай байгаагаа илэрхийлсэн.

Ард түмнээ хайрлая намын дарга Д.Гүндалай:

-Парламентын олонхыг бүрдүүлж, эрх барьж байгаа МАН зоригтой алхам хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тийм цаг үе нь нэгэнт ирсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалтын асуудал тунхаглалын чанартай байж таарахгүй, ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой. Иймээс эдийн засгийн шударга бус хуваарилалтын асуудлыг хуучин хэвээр нь үлдээж болохгүй. Энэ талаар анхаарах нь чухал.


Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт:

-Манай намын хувьд сонгогч-хянагч статусыг хуульчилж өгөх замаар иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, төрийн эрх, иргэний эрх хоёрыг тэнцвэржүүлэх асуудлыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Мөн шүүхэд хөндлөнгийн оролцоог хангаж шүүх бүрэлдэхүүнд ардын төлөөлөгчдийг оролцуулдаг болох, прокурорыг хяналтын байгууллага болгох зэрэг арга замаар хүний эрх, эрх чөлөөг хангах шаардлагатай гэж үзэж байгаа.

Эх орон намын дэд дарга И.Эрдэнэбаатар:

-Өнгөрсөн өдрүүдэд болсон хэлэлцүүлгүүд нь үзэл бодол, байр суурь, ойлголтын зөрүүг арилгах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын зүг чиг хандлагаа ойлгож мэдрэхэд их ач холбогдолтой болсон. Тиймээс энэ удаад шинэ Үндсэн хуулийн тухай асуудлыг хойш тавьж, одоо яригдаж байгаа төсөл, саналуудаа нэгтгэн боловсруулж нухацтай хандах замаар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй юм байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн мэдүүлж, улс төрийн гол намууд ойлгож зөвшилцөхийн төлөө ажиллаж, бусад намуудын саналыг сонсож, өргөн хүрээнд ярилцаж байгаа нь зөв эхлэл гэж бодож байна. 

Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа:

-Үндсэн хуулийн олон зүйл, заалтыг хөндөх нь буруу. Тиймээс Үндсэн хуулийн 35 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн зарчмаа барьж, цөөн хэдэн гол асуудалд төвлөрч ажиллах нь зүйтэй юм. Нийгэмд нэгэнт хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж, олон жил хуримтлагдсан алдаа, гажуудлыг засах шаардлагатай. Ганц зүйлийг хэлэхэд, байгалийн баялгийн хувьд улсын өмч байхаар томьёолоод эзэмшигч нь хөрөнгө оруулалтаа хийгээд татвараа төлөөд явдаг байх нь зөв юм. Түүнээс биш төрийн өмч, нийтийн өмч гэх зэргээр эрсдэл үүсгэх, эзэнгүйдүүлэх байдал руу оруулж болохгүй.   

Иргэний Хөдөлгөөн намын дэд дарга Д.Сүхжаргалмаа:

-Манай намын хувьд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа, мөн эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Төрөө хүчтэй болгож, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад Үндсэн хуулийн амин сүнс оршдог. Тиймээс өмнө нь бид тодорхой зүйл, заалтууд дээр төвлөрч нэлээд ярилцсан бол дараагийн удаад Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг тодорхой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:

-Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан.

Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж буйгаа хэллээ.  


Мөн Дэлхийн монголчууд намын дарга Г.Тэмүүжин, Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга М.Ганзориг, Монголын либериал намын дарга Н.Чулуунбаатар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа, тиймээс энэ ажлыг бодит ажил хэрэг болгохын төлөө эрх баригч нам ажиллах шаардлагатай. Мөн улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт, ярилцлага, мэтгэлцээн, нийгмийн бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.  

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Үндсэн хууль бол амьд организм, тиймээс улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ  аль нэг намын, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үндсэн зарчим барьж, аль болохоор зөвшилцөх, ойлголцохыг эрхэмлэж, уулзалт, хэлэлцүүлгүүдийг олон удаа нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж ирсэн. Тодорхой сэдэв, асуудлуудаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж санал солилцох ажлыг цаашид ч үргэлжлүүлэн хийх болно гэдгээ мэдэгдлээ.


Мөн тэрбээр энэ удаагийн уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцэж батлаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо. Түүнчлэн сонгуулийн тогтолцооны хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаа учраас энэ чиглэлээр Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн боловсруулаад явах боломжтой. Мөн улс төрийн намуудын гишүүнчлэл, Төв банкны асуудлыг органик хуульдаа тусгаад явах нь зүйтэй байх. Төрийн байгууллага болгоныг Үндсэн хуулийн байгууллага болгох гэх нь тийм ч оновчтой асуудал биш юм.

Харин байгалийн баялгийн тухайд хамгийн үр өгөөжтэй ашиглаж, тэгш, шударгаар хуваарилдаг Норвегийн сангийн туршлага бий. Энэ үндсэн дээр байгалийн баялгийг ашиглахдаа хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлаж үндэсний аюулгүй байдлыг бататгах үндсэн дээр одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зарчмыг баримтлахаар төсөлд тусгасан.

Ингэхдээ байгалийн баялгийн үр өгөөжийг Баялгийн сан байгуулах замаар иргэн бүрдээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах, иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, мэдэх эрхтэй байхаар зааж өгөх нь чухал гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр байгалийн баялгийн өмчлөл, хуваарилалт дээр хяналт, тэнцвэрийг хангах боломж нээгдэх юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.

Уулзалтад оролцогчид цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэх, мэдлэг, мэдээллээ нэгтгэх үүднээс төслийн зарим тодорхой асуудлаар МҮОНТ-ээр ярилцлага, мэтгэлцээн зохион байгуулах, нийгмийн бүх талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2019-07-30 10:14  412