УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзав

  2018-09-06 17:05  424

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.09.06) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, түүх соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд хатагтай Элчин сайдад БНСВУ тунхагласны 73 жилийн ойн баярын мэндийг хүргэв.  


Тэрбээр, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй жар гаруй жил болж байна. Манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж, энэ оны эхээр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.  Хоёр орны парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид бид эдийн засаг, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, орон нутгийн харилцааг дэмжих, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэлээ. 


БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэв. 

Элчин сайд Доан Тхи Хыөнг, “2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа учир энэ зорилтын үр дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын харилцаа өргөжиж байгаатай санал нэг байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Манай Элчин сайдын яамныхан саяхан Төв аймагт ажиллаад ирлээ. Мөн хоёр улсын түүх, соёлын салбарын харилцаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Хорь гаруй жилийн өмнө Вьетнамын мэргэжилтнүүд Монголын түүх, соёлын өв болсон зарим сүм, хийдийг сэргээн засварлах ажлыг хийж байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн Монгол Улсад төдийгүй дэлхийд ховорт тооцогдох соёлын гайхалтай бүтээл болсон Амарбаясгалант хийдийн ур хийцийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр мэргэжилтэн ирсэн. Өвөрмөц ур хийцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахын төлөө манай мэргэжилтнүүд бүхий л чадвараа дайчлан ажиллах болно” гэв.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монголын өв соёлыг хадгалан үлдээхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа хатагтай Элчин сайдад талархал илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.        

 

 


  2018-09-06 17:04  424