Төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдав
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы отгон (2018.02.09) хуралдаан 10 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай. Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ. Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ. Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцууллаа. Байнгын хороо 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Баттөмөр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нараас асуулт асууж, тодруулсан юм.
Тухайлбал, цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн Улсын Их Хурлын тогтоол 2001, 2009 онд гарч байсныг гишүүд хэлж байсан бөгөөд өдгөө цагаачийн статустай амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар, холбогдох хуулийн хэрэгжилтийн талаар хяналт тавьж, мэдээлэл авч байх шаардлага бий гэдгийг хэлж байв. Гадны иргэдэд цагаач иргэний статус олгохдоо өндөр шалгуур тавьж байх шаардлагатай талаар саналууд гаргаад цагаачлах эрхгүй ч Монгол Улсад удаан хугацаагаар амьдарч буй гадаад иргэдийн асуудлыг хөндөв.
Гадаадаас ажиллах хүч авах, дүрвэгч, цагаач, орогнол хүсэгч гэдэг нь өөр ойлголтууд бөгөөд хэлэлцэж буй төслөөр зөвхөн цагаачлуулах статусын талаарх зохицуулалтын талаар хөндөж байгааг тайлбарласан юм. Гадаадын иргэдээс цагаач иргэн болох хүсэлтийг олноор ирүүлдэггүй, уг статусыг олгох шалгуур өндөр байдаг тул хүсэлт ирүүлсэн болгон нь тэр бүр шалгуур давдаггүй талаар гишүүдэд мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15 орны 1959 цагаач иргэн бүртгэлтэй байгаагийн 80 гаруй хувь нь олон жил манай оронд ажиллаж, амьдарч ирсэн хүмүүс байгааг тайлбарлав. Эдгээрийн 387 нь 0-16 насны хүүхдүүд байгаа бол 593 нь 19-40 насных, 582 иргэн нь 41-60 насных, үлдсэн 350 иргэн нь 60-аас дээш настай хүмүүс байгаа аж.
Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай асуудлыг хэлэлцдэг талаар Д.Мөрөн хэлээд "Энэ зохицуулалтын дагуу тогтоолын төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байна. Монгол Улс жилд дунджаар таван хүнд цагаачлах статус олгодог. Тодруулбал, 2011 онд хоёр хүнд, 2012 онд зургаа, 2013 онд огт олгоогүй бол 2014 он найм, 2016 онд дөрөв, 2017 онд хоёр иргэнд тус тус шинээр цагаачлалын статус олгосон байдаг. Төсөл дэх 100 гэдэг тоо бол энэ хэмжээгээр олгоно гэсэн асуудал биш. "100 хүртэл" гэсэн байгаа, өөрөөр хэлбэл нэг хүнд ч олгож болно гэдэг лимитийг тогтоох, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа" гэдгийг тайлбарласан. Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд дөрвөн жилд нэг удаа үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг ч өнгөрсөн хугацаанд огт хэлэлцэгдээгүй явж ирснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэллээ. Хууль хэрэгжүүлэх хүрээнд дээрх төслийг өргөн мэдүүлсэн гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлсэн бөгөөд дараа нь "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж энэхүү санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан. Энэ дагуу санал хураалт явуулсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 38.2 хувь нь дэмжсэн тул "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээгүй шийдвэр хэвээр үлдлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д "… энэ хуулийн 19.3.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи төслийг хэлэлцэхийг дэмжээгүй, эсхүл энэ хуулийн 16.8-д заасан үндэслэлээр төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцох…" хэмээн заажээ. Иймд дээрх төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж Улсын Их Хурлын дарга уг тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "…Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана…" хэмээн заасан байдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Лхагва гарагийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 3, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлсэн байна. Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоох зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр төсөлд тусгасан болохыг танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь "Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолыг батлахыг дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.
Уг тогтоол батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм. Үүнд:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
2/"Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
4/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
7/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
8/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
9/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
15/"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,
17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,
23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
24/Бусад.
Улсын Их Хурлын дарга үдээс өмнөх хуралдааны төгсгөлд дээрх тогтоол болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.