Д.Баярсайхан: Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулж, хүү, алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан

  2020-04-15 11:25  488

    

    
        Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
    Хуралдааны эхэнд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 
    Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий Хөтөлбөрийг 2015 онд  байгуулсан бөгөөд энэ хүрээнд 65 сая еврогийн санхүүжилтийг Европын холбооноос олгохоор болсон. Хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар өдгөө  гурван төсөл хэрэгжүүлсэн бөгөөд буцалтгүй тусламжийн үлдсэн хэсэг болох 50.8  сая орчим еврог төсвийн  дэмжлэг болон текникийн туслалцаа хэлбэрээр авахаар талууд тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. 


    

    Түүнчлэн тэрбээр, Европын Холбоотой хэрэгжүүлж байгаа хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслөөр үйлчлэх түншлэгч орнуудын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцээр нь Европын Холбооны жишиг хэлэлцээр бөгөөд тус холбооноос тусламж олгож буй орнуудтай байгуулдаг. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн  болон бусад татварыг чөлөөлөх явдал гэж байлаа. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар  асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон. 

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

    Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцсэн бөгөөд энэ талаар  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.  


    

    Тэрбээр танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж байсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шинээр үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчдийн салбар нэмэгдснийг дурдаад өнөөдрийн байдлаар  2019 онд нийт 2433 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна гэж байлаа. 

Үнэт цаасны салбарт 526 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагас 306 хувьцаат компани юм.  Даатгалын салбарт  16 компани байгаа бөгөөд бусад нь энэ салбарт оролцогчид, зуучлагчид байна.  Банк бус санхүүгийн салбарт өнөөдрийн байдлаар 519 байгууллага,  240 хадгаламж зээлийн хоршоод тус тус үйл ажиллагаа явуулж байна.  21 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үнэт эдлэлийн салбарт шинээр 1000 гаруй хуулийн этгээд, иргэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт 120-150 хуулийн этгээд,  аж ахуй нэгжийн зохицуулалт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэв.  Мөн хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгийн үнэлгээ  2,7 их наядад хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2  хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны салбарт 54 компани үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

    Түүнчлэн тэрбээр, 2019 онд хөрөнгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн гарсныг онцлоод “Түмэн шувуут”, “АРД” ББСБ, “Монос хүнс” болон “Инвескор” зэрэг компаниудын IPO гаргаж, олон нийтийн компани болсон. Мөн Хөдөө аж ахуйн биржээр нийт 6 төрлийн бүтээгдэхүүнийг 705.1 тэрбум төгрөгөөр арилжсан дүн мэдээлэл байна. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 2013 оноос ипотекийн бага хүүтэйгээр орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Өнөөгийн байдлаар “МИК ОССК” ХХК-аас 21 тусгай зөвшөөрөлтэй компани үүсгэн байгуулж, нийт 78,703 зээлдэгчийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  СЗХ бүртгэснийг дурдав.  


    

    Мөн үүрэн телефоны оператор болох “Жимобайл” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн зээлээс өөр төрлийн санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргасан анхны тохиолдол болсон. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийж байгааг дурдахын зэрэгцээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болсныг Д.Баярсайхан танилцуулгадаа онцолсон. 

    Тэрбээр, Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 2019 оны байдлаар 10.2 хувиар өсөж, 365.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин даатгалын нийт хураамж өмнөх оноос 11.1 хувиар өсөж 196.6 тэрбум төгрөгт хүрэв. Даатгалын гүнзгийрэлтийн түвшин буюу ДНБ-д эзлэх хураамж 0.56 хувьд хүрээд байгааг дурдахын зэрэгцээ энэ салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай нь харагдаж байна. 2019 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулсан даатгалын гэрээний тоо 1.2 сая хүрсэн байна.  Даатгалын салбарт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүний тоо 11 байна. Харин даатгалын зах зээлээс төлсөн татвар 2019 онд 15,6 хувиар өсөж 3.7 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг дурдлаа. 

    Тус танилцуулгад, 2019 оны байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 34.7 хувь өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн 71.3 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эзэлж байгааг дурджээ. Тус хорооны зүгээс банк бус байгууллагын дүрмийн санг шатлалтай өсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Харилцагчдын тоо 2.9 сая болж, өмнөх оноос 1.8 дахин өссөн. Энэхүү өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн нь харилцагчдын тоо нэмэгдүүлэхэд хүрчээ. Энэ салбараас нийт 24,1 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлсэн гэдгийг танилцуулгад дурдсан.  

    Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 222.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 хувийн өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ гишүүдийн тоо 70,968-д хүрсэн. Цаашид Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцлов. 

    Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлэв.


    

    Гишүүдийн зүгээс Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах талаар баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим нэг банк бус байгууллагын хүү хэт өндөр байгаад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав. Мөн Монголбанк, Төрийн банканд ажиллагсад банк бус санхүүгийн байгууллагатай байгааг хэрхэн зохицуулах, саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хорооны зүгээс ямар ажил хийснийг илүүтэй лавласан. Түүнчлэн гишүүдийн олонх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, банк бус санхүүгийн байгууллагын тоог бууруулах,  хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байлаа. 

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр банк бус байгууллагын зээл, хүүтэй холбоотой асуудлыг ярьсан. Өнөөдөр бизнес эрхлэгчид орлого багатай байгаагийн зэрэгцээ зээлийн хүү өндөр байгаа талаар маш их ярьж байна. Үүнтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүү, төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ энэ хугацаанд хүү, алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан. Энэ тал дээр ойлголцсон гэж байлаа. Мөн тэрбээр, Саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хороонд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгааг дурдаад эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж байгаагаа тодотгоод, үнэт эдлэл, үнэт металийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн бүртгэл, зөвшөөрлийн ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлгээ авсныг дуулгалаа. Түүнчлэн, Монголбанк, Төрийн банканд ажиллаж байгаа болон ажиллаж байсан этгээдүүд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг бид мэдэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьцаа эзэмшиж байгаа талаараа дурдсан учир хорооны зүгээс хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж байлаа.


    

    Зээлийн хүүгийн судалгааг улирал болгоноор хийж, зайнаас хяналт тавьж байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлаад орон нутагт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 7-10 хүрсэн гэлээ. Харин бичил зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь орон нутагт санхүүгийн хүртээмж хомс, зээл олголт бага байгаатай холбоотой. Тиймээс банкны зээлээ төлөхийн тулд иргэд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нэмж авч байгааг судалж тогтоосон. Иймд УИХ-д Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийн шинжүүдийг тусгаж, өндөр хүүтэй зээл нь энэ шинжийг агуулсан бол мөнгө хүүлэлт гэж үзэн хориглохоор заасныг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



  2020-04-15 15:26  488