Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2018-06-28 14:56  332

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.28) хуралдаан 14 цаг 16 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасныг Байнгын хорооны дарга танилцуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.


Харин энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Улсын Их Хурлын 2018 оны 45 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тогтоолын төсөлд тусгагдсан асуудлын эрх зүйн үр дагавар, шинэ нөхцөл байдлын талаар албан ёсны дүгнэлт намын бүлэгт ирээгүй байгаа, мөн энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан. Энэ үндсэн дээр “Улсын Их Хурлын 2018 оны 45 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тус Байнгын хорооноос боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-06-28 14:53  332