Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-04-19 14:04 Уншсан: 326

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.19) 12 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын түүврийн судалгаа энэ сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар явагдаж байна. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсэг, санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл анхдугаар санал асуулгыг зохион байгуулж явуулах бэлтгэл ажлыг хангахаар өөрсдийн хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна гээд “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралтааар батлах журмын талаар гишүүдэд танилцуулсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам”-ыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын 6 сэдвийг хоёр өдөрт багтааж гурав гурваар нь хэлэлцэж мэтгэлцээн өрнүүлэхэд багагүй цаг хугацаа шаардлагатай учраас ойролцоо агуулгатай зарим сэдвийг нэгтгэж хэлэлцэж болох талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахыг санал болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат анхдугаар зөвлөлдөх санал асуулгын ач холбогдлын талаар олон нийтэд анхнаас нь зөв ойлголт өгөх, түүнчлэн зөвлөлдөх уулзалтын явц байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэхэд Ажлын дэд хэсэг анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


Үүсгэсэн: 2017-04-19 14:04

Хуралдааны тов