Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав

  2018-04-30 12:37  347

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар өнөөдөр (2018.04.30) Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхим) хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.


    Ийнхүү парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх болон холбогдох бүхий л салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах замаар хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн олон улс, бүс нутгийн асуудлаар үзэл бодол, байр сууриа харилцан солилцох үүднээс хоёр талын уулзалтуудыг зохион байгуулах болон олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжих чиглэлээр ажиллахын нотолгоо болдог. 


    Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири болон албаны бусад хүмүүс байлцав.  

    Үүний дараа Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-04-30 11:21  347