Цэс

Холбоо барих

АБГББХ:Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглаварыг баталлаа

            Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.13/ 15 цаг 12 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


            Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

            Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

            Байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар тогтоолын төсөлд тусгасан. Харин хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй гэлээ.

            Байнгын хороо энэ сард Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

            Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар Байнгын хорооны тогтоолыг батлав.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

            Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.


            Сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.

            Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан.

            Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн  хамтарсан санхүүжилт юм гэдгийг дурдав.

            Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.


            Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ зээл нь Ковид-19-ийн эсрэг вакцин худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэхэд ашиглагдах юм. Зээлийн зориулалт, хэрэгжилтийг Эрүүл мэндийн яам хариуцна гэдгийг хэллээ.

    Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хариултдаа, ДЭМБ-аас яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл өгсөн 10 төрлийн вакцинаас манай улс дөрвөн төрлийн вакциныг худалдах авах, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд татан авч иргэдээ вакцинжуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Эдгээр вакцинаас нийтдээ 7 431 490 тунг татан авсан. Вакцины хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөж байгаа. Бүх аймаг орон нутагт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай, хэвийн ажиллаж байгаа гэлээ. Мөн одоогоор нийт хүн амын 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.6 хувь нь хоёрдугаар тунд, дархлаа тогтоох нэмэлт тунд 350 230 гаруй хүн хамрагдаад байна. Цаашдаа хүүхдүүдээ дархлаажуулах үүднээс Файзер вакциныг түлхүү авахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгсөн юм.

            Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.  

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

            Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

            Улсын Их Хурал 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан байна.


            Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, төслийн зүйлүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

            Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх, хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

            Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ. 


            НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу зохион байгуулагдсан 2017 оны долоодугаар сарын 07-ны өдрийн Бага хурлын үр дүнд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг гишүүн улсууд баталжээ. Уг гэрээ нь 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 86 улс гэрээнд гарын үсэг зурж, 56 улс гэрээг соёрхон батлаад байгаа аж.

            Энэхүү гэрээгээр цөмийн зэвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдаж авах, эзэмших, хадгалах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилуулахыг гэрээний Оролцогч улс бүрт хоригложээ.  

            Манай улс энэхүү гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, олон улсын хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтойг сайд илтгэлдээ онцлов.

            Хэлэлцэж буй асуудал, сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адъшаа, Д.Ганбат нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адъшаа үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл