Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хуулийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын танилцуулгыг сонслоо


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.13) хуралдаан гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

Хуралдаан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. 

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байна. 


Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарын сайд мэдээлэл хийв

Үргэлжлүүлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийг даган гарах эрх зүйн баримт бичгүүд бүрэн батлагдсан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад Улсын хэмжээнд 130 гаруй хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 хаягдал ус цэвэрлэх байгууламж жилд 120 сая шоо метр хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжийн урсгал засвар хийгдэхгүй удаж, ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг дамжин өнгөрүүлдэг цэг болж байгаагаас хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байсан гэв. 


Мөн тэрбээр мэдээлэлдээ, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжаас 50,000 м3/хон усыг гүн боловсруулж III, IV ДЦС-ын техникийн хөргөлтөд ашиглахаар төслийг эхлүүлээд байна. Төсөл хэрэгжснээр Туул голын бохирдлыг бууруулахаас гадна өдөрт 50,000 м3/хон усыг дахин ашиглаж, жилдээ 17-18 сая м3 цэвэр усны нөөцийг хэмнэнэ гэж байлаа.

Салбарын яамны зүгээс Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах болно гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд онцлохын зэрэгцээ цаашид ус бохирдуулсны төлбөр тооцох тусгай программ хангамжтай болох, хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийх лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, ус бохирдуулсны төлбөрт төсөвт төвлөрүүлсэн  хөрөнгийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3.-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын санал, гомдол, мэдээлэл, эсхүл хяналт шалгалтын үр дүнг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан Байнгын хорооны хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахыг хуралдаанд оролцсон гишүдийн 69.2 хувь нь  дэмжив.  

Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо

Хуралдааны төгсгөлд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийв.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдаад Ажлын хэсэг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын төв лаборатори, “Биокомбинат” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малчдын төлөөллөөс мэдээлэл авч ажилласан гэв.


Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн байгууллага болох Мал эмнэлгийн ерөнхий газар 2021 онд халдварт өвчний гаралт, тархалт эрс нэмэгдсэнийг дараах хүчин зүйлээс хамааралтай гэж дүгнэсэн байна. Үүнд:

-2020-2021 онд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад өвөлжилт хүндрэлтэй байснаас зүүн бүсийн аймгуудад отроор өвөлжиж, хаваржаад  2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сард баруун бүс рүү буцаж шилжилт хөдөлгөөн ихээр хийгдсэн.

-Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад байдаггүйгээс коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын хөл хорионы үед малын эмч малчин өрхөд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд /үзлэг, тандалт, дархлаажуулалт хийх/ хүндрэл учирсан.

-Тусгай чиг үүргийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг малын гоц халдварт өвчний дэгдэлт, тархалтын талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэж мэргэжлийн байгууллагуудын хоорондын уялдааг хангаж ажиллаагүй.

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт 2021 оны 05 дугаар сараас 09 дүгээр сард орон нутагт нэмэгдэж мал эмнэлгийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид олноор өвчилсний улмаас сумын түвшинд хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон ч Гамшгаас хамгаалах тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан мэргэжлийн ангийг үүрэгжүүлж ажиллуулах боломжгүй байсан. 

-Шүлхий өвчний эрсдэлтэй зүүн бүсэд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2021 оны хаврын төлөвлөгөөт дархлаажуулалтад Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудаас отроор очсон 1 сая гаруй толгой мэдрэмтгий малыг дархлаажуулалтад хамруулах вакцины нөөц дутагдалтай байсан. 

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлтийн улмаас Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт зохион байгуулагдаагүйгээс аймаг, сумын түвшинд мал эмнэлгийн салбарын боловсон хүчний нөөц бүрдээгүй.

-Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан онцгой нөхцөлд ажиллах үеийн томилолтыг олгох нөхцөл бүрдүүлээгүй, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн чадавх сул, малын эмч нарын насжилт өндөр, хүний нөөц дутмаг байсан.

-Малчид Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлэхгүй, мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн, отор, нүүдэл ихээр хийсэн.

-Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаагүйгээс бүс, орон нутгийн чанартай морь, тэмээний уралдаан, баяр наадам зохион байгуулж хорио цээрийн дэглэм зөрчсөнөөр хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархах нөхцөл бүрдсэн гэж дүгнэснийг Ажлын хэсгийн ахлагч санал, дүгнэлтдээ онцлов. 

Мөн тэрбээр, Байнгын хорооны ажлын хэсэг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн агуулгын хүрээнд чухал ач холбогдолтой, нөлөөлөл үзүүлэх гол зохицуулалтуудын хэрэгжилтийн байдалд үндэслэн санал, дүгнэлтээ гаргасныг дурдлаа.


 Үүнд:

1.Мал эмнэлгийн хяналтын цэгээр дамжихгүйгээр, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг зөрчин отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа нь мал, амьтны гоц халдварт өвчин тархах эрсдлийг нэмэгдүүлсэн.

2.Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тогтоосон Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд тавих хяналт сул байсан байна.

3.Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн сумдад 2021 оны 05 дугаар сараас 06 дугаар сард малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт бүртгэгдсэн үед Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй. 

4.Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үед тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сул байсан.

5.Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Мал эмнэлгийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагад хамаардаггүйгээс мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мал эмнэлгийн үйл ажиллагаа, эдгээрт тавих мал эмнэлгийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэхэд нөлөөлсөн тул холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Мал эмнэлгийн байгууллагын тусгайлсан чиг үүргийн байгууллагын жагсаалтад оруулах шаардлагатай байна.

6.Бүх шатны Засаг дарга нар, малчид Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нь сул байгаа тул хуулийг сурталчлах, сургалт мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

7.Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн судалгаагаар малын эмч нарын дундаж наслалт өндөр болсон, батлагдсан сул орон тоог нөхөн бүрдүүлэх ажиллагаа нь удаашралтай, малын эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан мал, амьтны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. 

8.Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үед нийт мэдрэмтгий мал, амьтныг бүрэн дархлаажуулах вакцины нөөц хүрэлцээгүй. 

9.Мал эмнэлгийн ерөнхий газар халдварт өвчний онош батлагдсан даруйд бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн бүх шатны байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажиллах чиг үүргийн хүрээнд халдварт өвчний тархалтын нөхцөл байдал, гарч болох эрсдлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх болон халдварт өвчинтэй тэмцэх төлөвлөлтийн арга хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

10.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуульд заасан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар бүх шатны байгууллага, малчдад зориулсан сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай.

11.Мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны хяналтын давхардлыг арилгах, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

12.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг мал эмнэлгийн улсын байцаагч шалган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж байлаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

"Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төсөлд 2022 онд шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх дархлаажуулалтын ажилд шаардлагатай /25 сая тун вакцины үнэ 21,0 тэрбум, үйлчилгээний хөлс 17,8 тэрбум, гааль, нэмэгдсэн өртгийн татвар 3,2 тэрбум/ нийт 41.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг 2022 оны төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэх; Мал, амьтны гоц халдварт өвчнийг бүрэн хяналтад авахын тулд 2024 он хүртэлх хугацаанд дархлаажуулалтад нийт мэдрэмтгий мал, амьтныг жилд хоёр удаа хамруулах арга хэмжээ авах, шаардлагатай 145,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх; Мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, биобэлдмэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэхийг нэн даруй шийдвэрлэхээр тусгасан байв. 

Мөн Мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох зорилгоор отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд тавигдах мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах талаар онцгой арга хэмжээ авах, зарим эрсдэлтэй бүс нутгийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мал эмнэлгийн хорио цээрийн байнгын болон түр хяналтын цэгийг нэмэгдүүлж, мал эмнэлгийн нэгдсэн бүртгэлийг сайжруулах; Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэгжүүлж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд огцруулах хүртэл хариуцлага тооцох; Малын тоо толгойн албан татварын 50-иас доошгүй хувийг малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тус тус тусгажээ. 

Түүнчлэн Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд вакцин болон халдваргүйтгэлийн бодис, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах; Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах цогц арга хэмжээг авах; Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дүгээр зөвлөмжид заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Мал эмнэлгийн алба”-ыг тусгай чиг үүргийн байгууллагын жагсаалтад оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллагын болон Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан байв. 

Уг тогтоолын төсөлд гишүүдийн гаргасан саналууд болон найруулгын саналыг нэмж тусган төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэв.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл