Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-12-06 18:12 Уншсан: 178

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.12.06) “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай  хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ.  

Энэхүү санхүүжилтийн эхний шат болох Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен бөгөөд зээлийн хүү нь жилийн 0,8%, урьдчилгаа шимтгэл нь 0,1%, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 6 жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макроэдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэх болно хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай  хуулийн төсөл

I.              Хөтөлбөрийн зорилго: 

Хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх болно.

II.            Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, макро эдийн засгийн хүндрэл, өрийн хуримтлал, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулахад шаардлагатай бодлогын арга хэмжээ, стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

III.           Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд:

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авснаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих бодлогын арга хэмжээнүүд байна.

Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай 3 үе шаттай байх бөгөөд нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд 9-ийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамд хариуцан хэрэгжүүлнэ.

IV.          Хөтөлбөрийн санхүүжилт, нөхцөл:

Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.  

V.           Хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт:

Хөтөлбөрийн эхний үе шатны хүрээнд 9 бодлогын арга хэмжээг урьдчилсан нөхцөлөөр тусгасан бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж дуусаад байна гэж төсөлд дурдагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-12-06 18:12

Хуралдааны тов