ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

  2014-01-23 00:00  204
2014 оны 01дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей нарын 9 гишүүн санаачлан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан 2014 оны 01 дүгээр сарын 10 -ны өдөр хэлэлцээд Байнгын хороодод шилжүүлсний дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 22 -ны өдрийн хуралдаанаараа байгаль орчны салбарын бодлогын асуудлаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргасан болно.

Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас батлан байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, салбар хоорондын чиг үүргийн уялдаа холбоо хэрхэн хангагдсан талаар асуулт тодруулгыг салбарын сайдаас авсан болно.

Хэлэлцүүлэгийн явцад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл одоо хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдэд байгаа зайлшгүй хэрэгжүүлэх заалтуудыг ногоон хөгжлийн хөтөлбөрт тусгаж салбарын ганц бодлоготой болох, А.Бакей бодлогын баримт бичиг нь үндэсний хэмжээний бодлого нэртэй батлагдаад тухайн яамны үүрэг болж хувирдаг, эсвэл салбар дундын уялдаа холбоог хангах, бодлогыг хэрэгжүүлэхээр Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороод, зөвлөл байгуулдаг зэрэг төрийн болон салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад гарч байгаа нийтлэг дутагдлыг засах, Д.Арвин байгаль орчны салбарын бодлогод нөхөн сэргээлтийн бодлогыг тусгах, Л.Энх-Амгалан бодлогын залгамж чанар алдагдаж байгаа тул бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд 4 жил тутам үнэлэлт дүгнэлт өгдөг байх, Г.Баярсайхан ногоон хөгжлийн бодлогын хөтөлбөрийг байгаль орчны салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг чиг үүргийн яам болгон өөрчилсөн, ногоон хөгжлийн бодлого улс орны хөгжлийн нэг тулгуур бодлого болсонтой холбогдуулан цаашид бусад салбарын бодлого хөтөлбөрүүд нь байгаль орчны бодлогодоо захирагдан хянагдаж , хэрэгждэг байх нь зүйтэй гэж байнгын хороо үзлээ.

“Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хүрээнд байгаль орчны салбарын бодлогыг хэлэлцсэн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ
АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ
ДАРГА                          Г.БАЯРСАЙХАН


  2016-09-22 08:26  204