Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаарх УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэв

  2018-04-27 19:42  449

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тавьсан асуулгын хариуг сонсов

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгын дагуу “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” мэдээлэл сонсов. 


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн санхүүжилтийн талаар танилцуулсан. Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны тавдугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны “Тусгай туслалцааны төсөл”-ийн хүрээнд 2007 онд боловсруулсан шинэ нисэх буудлын Техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд тулгуурлан, 2011 онд японы Зөвлөх компани зураг төсөл боловсруулах шатанд төсөвт өртөг нь дээрх зээлийн гэрээний дүнгээс хэтрэх тооцоо гарснаар барилгын ажлын төлөвлөлтийг дахин хянаж, улмаар  жилд 3 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай хөөрч буух зурвас, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжтай нисэх онгоцны буудлыг төлөвлөсөн байна. 

    Зээлийн гэрээний “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авна” гэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2011-2012 онд хоёр удаа зарласан. Зээлийн нөхцөл ёсоор төслийн гүйцэтгэгч нь Японы компани байх шаардлага хангагдаагүйгээс сонгон шалгаруулалтад хүндрэл учирч, улмаар хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтад техникийн санал нь шаардлагад нийцсэн “Мицүбиши, Чиёода” компаниудын түншлэлээс бүтээн байгуулалтын ажлыг 47.1 тэрбум иенээр гүйцэтгэх санхүүгийн санал өгсөн байна. 

Санхүүгийн саналыг нягталж, гэрээний дүнг 39.8 тэрбум иенээр тогтоосон ч нэмэгдсэн өртгийн албан татварын 2.7 тэрбум иен, ханшийн зөрүүний эрсдэлийн  зардал 2.4 тэрбум иен нэмэгдсэнээр 44.9 тэрбум иенийн дүнтэй гэрээ байгуулахаар тогтсон. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай боловч гэрээнд тусгагдаагүй шатахууны сумалгааны гидрант систем болон хөөрч буух зурвасын тэнхлэгийн гэрлийн ажлуудыг 4.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр тохирч, гэрээнд тусгажээ.  


    Монгол Улсад 2013 оны гуравдугаар сард албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр төслийг эхлүүлэх, шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх зарчмын тохиролцоонд хүрсэн байна.  Нэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 36.8 тэрбум иенийн нэмэлт Зээлийн гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулжээ. Нэмэлт зээл авах үед 2015 оны хоёрдугаар сард Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг томилон төслийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит шалгалт хийж, шийдвэрлэсэн байна.  

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан юм. 2013 оны тавдугаар сараас төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, үндсэн барилга, байгууламжуудын барилга угсралтын ажлыг 2016 оны арванхоёрдугаар сард дуусгаж, 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаж, илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд 48,0 тэрбум иений өртгөөр 32 барилга байгууламж баригдаж,1,5 тэрбум иений өртөг бүхий нисэхийн тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлжээ.   

Монголын талын, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй аэродромын үйлчилгээний болон ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын ажил 74,7 хувь, захиргааны барилгын ажил 95,6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд 2015-2018 онуудад Үндэсний аудитын газраас жил бүр ээлжит аудит шалгалтыг зохион байгуулж ирсэн байна. Түүнчлэн тус нисэх буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж буй ажлын төлөвлөгөө, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалт, шинэ нисэх буудалд үргэлжилж буй ажлын явц, менежментийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд танилцуулав. 


    Гишүүний асуулгын хариуг өгсөн салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат,  нар Зам, тээврийн хөгжлийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Эцэст нь асуулга тавьсан Б.Энх-Амгалан гишүүн үг хэлсэн. Зургаан хоолойтой, 108.8 мянган мкв бүхий агаарын хөлгийн зогсоолтой энэ бүтээн байгуулалтын 247 сая ам.долларын өртгийг гурав дахин нэмэгдүүлсэн, эцэст нь чанарын асуудал яригдаж байгаад анхаарал хандуулж эрсдлийн аудит оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ. Түүнчлэн монголын тал зээл авч барьж, зээлийг төлж байгаа атлаа менежментийг японы талын 51 хувь, монголын талын 49 хувийн эзэмшил бүхий хамтарсан хуулийн этгээд байгуулах  асуудлыг нягтлах,  “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цаашдын ашиглалт, “МИАТ”-ын үйл ажиллагаатай холбоотой тодорхой саналуудыг хэлсэн. 

Хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.

Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. 


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд энэ тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй агуулга нэг гэдгийг тэмдэглэж байв. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нааштай үзүүлэлттэй байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан.  Ингээд  Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнгүй. Иймд   тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 

    Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцууллаа. Тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусган боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг нэгдэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 


    Танилцуулга болон санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүнчлэн Монгол Улсын түүх, соёлын өв, дурсгалыг улс орнуудад түгээн сурталчлах чиглэлээр зохион байгуулалттай ажиллах, хосгүй үнэт өв, дурсгалуудаа хадгалж, хамгаалах асуудлыг онцгой анхаарч төсвийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын хөгжлийг төрөөс дэмжин, төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, технологи, иновацийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжих шаардлага бий гэдгийг гишүүд хэлж, тодорхой саналуудыг гаргаж байлаа. Үүний дараа уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүд 69.5 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

    Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.  


    Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, иргэний оюуны бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх үндсэн эрх бүрэн хангагдах боломжтой болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бие даан байгуулах агуулга бүхий Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-04-27 19:40  449