УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.13/хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсад Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгааг онцлоод, сонгуулийн төв байгууллагыг удирдаж явсан үе үеийн удирдлагууд, ажилтнуудад Монгол Улсад ардчилсан сонгууль зохион байгуулах Үндсэн хуулийн бүтцийн төв байгууллага үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.
Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулга хийлээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалтад хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарчмын нэг өөрчлөлт бол орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжихөд түүний эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх;
2. Иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгох, энэ хүрээнд баг, хороо эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн үндсийг бий болгох, баг хороонд нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэх;
3. Сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан цөм (суурь) нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж нь байх зэргээр нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэх зэрэг гол үзэл баримтлал, зарчмыг алдагдуулахгүй байхыг хангаж ажиллалаа хэмээлээ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Иймд энэ хуультай холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор өргөн барьсан хуулийн төслүүдийн хэрэгжиж эхлэх хугацааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэдэг нь хугацааны хувьд зөрчилтэй буюу буцаан хэрэглэх нөхцөл үүсэх тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу ердийн журмаар хэрэгжиж эхлэх хугацааг тогтоохоор саналын томьёоллыг бэлдсэн хэмээн танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, 2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний гол шалтгаан нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутаг бие дааж, эдийн засаг, нийгмийн харилцаагаа хөгжүүлэх бололцоог олгоход чиглэгдсэн. Үүнд нийцүүлж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Гэтэл бодит байдал дээр хууль хэрхэн хэрэгжиж байна вэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Хурлын эрх мэдэл нэлээн хумигдсан гэдэг асуудал яригдаж байна гээд энэ асуудалд тайлбар өгөхийг хүссэн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах арга хэмжээний туай УИХ-ын тогтоол гарсан. Уг тогтоолтой холбогдуулан Засгийн газраас батлагдсан хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх үүргийн дагуу хуулиудын давхардал хийдлийг судалж, нийтдээ 127 хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэж үзэн асуудлыг оруулж ирсэн. Хуулиар орон нутгийн эрх хэмжээг багасгасан гэсэн асуудлаар Засгийн газарт мэдээлэл ирээгүй гэсэн хариултыг өгсөн.
Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ орон нутагт эрх мэдлийг өгч, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн. Үүний дагуу төрийн үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, ялангуяа боловсролын салбарын хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээний санхүүжилтийн эрх аймгийн Засаг даргад шилжсэн гээд төсөвт суулгасан байдаг. Гэвч олгож буй хөрөнгө оруулалт нь хангалттай биш. Нэг талаар эрх мэдэл нь нэмэгдсэн юм шиг атлаа санхүүжилт нь бага. Салбарын яам нь орон нутгийн Засаг дарга шийднэ, хууль нь тийм болсон гэдэг. Гэтэл орон нутагт санхүүжилт нь хүрдэггүй зэрэг асуудал байна. Томилгоотой холбоотой асуудал бас байна. Засгийн газраас эрүүл мэндийн салбарын томилгоог босоо удирдлагатай болгохоор оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр бид ярилцаад томилгоог одоо байгаа зарчмаар нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Орон нутагтайгаа уялдаж ажиллахын тулд ийм байхаас аргагүй. Энэ мэт зүйл гарч байна гэсэн тайлбарыг өгсөн.
Гишүүд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, түүний бие даах чадвар, эдийн засгийн чадавх, үүнийг сайжруулахын тулд төрөөс хэрхэн анхаарах талаар асуулт асууж, байр сууриа мөн илэрхийлсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Энэ сард тус байнгын хороо Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.