“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн талаар ХБНГУ-ын парламентын төлөөлөгчидтэй санал солилцов

  2018-05-28 18:54  720
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.05.28) ХБНГУ-ын Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 



“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит зургадугаар хуралдааны хүрээнд яригдах зарим асуудал болон Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг бэхжүүлэх, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар талууд санал солилцов. Тухайлбал, монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Герман болон өндөр хөгжилтэй бусад улсуудад дадлага хийлгэх, мэргэжил дээшлүүлэх зорилготой байгаа талаараа  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав. 

Ноён Оливер Виттке найрсаг дотноор угтан авч буй УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд асар том хоёр хөршийн дунд байгаа танай улсад хөгжих боломж ихээхэн байна. Бид тэрхүү боломж, бололцоог бүтээмж болгон ашиглаж чадах мэдлэг, чадвартай монгол залуусыг сурган бэлтгэхэд анхаарч дэмжье гэв. 

Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-05-28 18:54  720