Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд олон улсын бага хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  2018-04-27 13:48  206

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өнөөдөр (2018.04.27) Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн тус байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэн байгааг дурьдаад, улсын болон парламентын гадаад бодлогын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол Улс нь гадаад харилцаандаа энхийг эрхэмлэсэн, цөмийн зэвсэггүй, нээлттэй бодлого хэрэгжүүлдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв.


Зочид, төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын жишээн дээр үндэслэсэн гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг хэрхэн боловсронгуй болгох талаар харилцан туршлага хуваалцах хуралд оролцсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Монгол Улс олон улсын хурал чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулдаг юм байна. Биднийг найрсаг, дотно хүлээн авч, зочилсон Монголын төр засаг, ард түмэнд хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн онцлон хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-04-27 13:46  206