“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 46 дугаарын тойм

  2018-12-14 16:22  230

Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, уг хуулиар соёрхон баталсан Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг нийтэлсэн байна.


Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Польш иргэд хэлэлцэн тохиролцогч аль нэг талд тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” нь Монгол Улсад мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын чиглэлийн хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх үүсэх, олгох харилцааг зохицуулах тул энэхүү хоёр талт олон улсын хэлэлцээрийг соёрхон баталсан байна.

Ингэснээр Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухай хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах юм байна.

Мөн дугаарт Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай /шинэчилсэн найруулга/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Энэ хуулиар согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Түүнчлэн Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол, Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн”, Дэлхийн өвийн үндэсний хорооны ажиллах журам”-ыг баталсан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2018-12-17 16:22  230