Улсын Их Хурлын даргын 2017 оны захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2018.04.04) Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг нээж Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан. Мөн Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд гурван хэсэг болж агаарын бохирдол ихтэй нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцсан. Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлснээ онцоллоо.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг нар асуулт, асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжих хугацаа, хариуцах эзэнтэй нь тодорхой болгох, Ажлын хэсгийн хуралдааныг сар бүрийн хоёрдугаар долоо хоногийн баасан гарагт тогтмол хийх санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нарийвчилсан төлөвлөгөө гаргахдаа хариуцах эзнийг нь тодорхой болгож, заасан хугацаанд ажлаа хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох системийг бий болгох шаардлагатай” гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой нарийвчилсан төлөвлөгөө гаргахдаа санхүүгийн асуудлаа тодорхой болгож, шаардагдах хөрөнгийн хэмжээгээ нарийвчлан тусгаж, танилцуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх хүрээнд зөвлөмжийн төслийг боловсруулснаа танилцуулж, УИХ-ын гишүүдийн саналыг тусгахаар боллоо. 14 асуудлыг тусгасан уг зөвлөмжийн төсөлд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг дан ганц Улаанбаатар хотод төвлөрүүлэх бус өргөн цар хүрээнд үндэсний хэмжээний аян, үе шатуудтай арга хэмжээний төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах, 2019 оны 05 дугаар сард түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбоотой хийгдэж буй бэлтгэл ажлын талаар мэдээллээр Ажлын хэсгийг хангах, сайжруулсан зуух, түлшний болон халаалтын технологи, гэр амины орон сууцны дулаалгын талаарх шийдлийг тодорхойлж, 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулах, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үе шат бүхий хугацаа заасан төлөвлөгөөний төслийг 2018 оны 05 дугаар сард багтаан танилцуулж, УИХ-аар батлуулахаар тусгажээ.
Мөн цахилгаан гэр байшингийн халаалтаа шийдсэн айл өрхүүдийн мэдээллийг нэгтгэж, хөнгөлөлт урамшуулалд хамрагдсан эсэхийг мэдээлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, нэн даруй хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлж эхлэх, УИХ-аас 2018 оны 01 дүгээр сарын 12-нд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2 дугаар зүйлд заасан жагсаалтыг батлаагүйгээс эдгээр хуулийн заалт хэрэгжих боломжгүй байгааг анхаарах шаардлагатай зэрэг асуудлуудыг зөвлөмжийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.