Инфографик: “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2020-04-15 09:33  174

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. 

Энэ удаа : “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрсоёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ойн асуудлаарх НҮБ-аас гарсан тогтоол, шийдвэр, цөлжилттэй тэмцэх тухай, биологийн төрөл зүйлийн тухай болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай зэрэг олон улсын конвенцын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Азийн орнууд ойн санг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тулгарч буй бүс нутгийн улс орны үндэсний чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулахад санал нэгдсэн. 


Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын “Оролцогч Тал” буюу бүрэн эрхт гишүүнээр элсэн, тус байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий Ассамблейд төлөөллөө томилон хэлэлцээрээр тодорхойлсон бодлого, зорилго, арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллах боломжийг хуульчлахад чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Монгол Улс тус байгууллагад нэгдэн орсноор гишүүн орнуудтай бүс нутгийн ойн салбарт хамтран ажиллаж, орчин үеийн дэвшилтэт технологи арга хэмжээг нэвтрүүлэх, ойн тогтвортой менежментийг боловсронгуй болгохын зэрэгцээ мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах замаар Монгол Улсын ойн салбарын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно. 

Хуулийн төсөл батлагдсанаар ойн салбарын гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон талт хамтын ажиллагаанд өргөнөөр оролцох боломж нээгдэх бөгөөд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр экологи, нийгэм, эдийн засгийн илүү таатай боломж бүрдэнэ. 

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Улсын Их Хурлын Тамгын газар


  2020-04-15 09:32  174