Цэс

Холбоо барих

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Үндсэн хуулийн цэцийн 01, 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоол баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.11 цагт эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.


Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Уг хуралдаанаар “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” хэмээн үзэж дээрх 01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.  


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд дүгнэлтийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийнхээ талаар хууль тогтоох эрх эдлэхээр хуульчилсан нь буруу. Хууль тогтоох эрх гагцхүү УИХ-д хадгалагдана гэж заасан байгаа. Тиймээс Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргасан. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Энэ талаар олон нийтэд зөв мэдээллийг өгөх нь зүйтэй хэмээсэн.

Дараа нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Улсын дээд шүүхийн хүсэлтээр  хянан хэлэлцсэн байна.

Тус хуульд, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахаар заасан байна. Энэ заалтаар шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлжээ.

Ингэснээр, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим болох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачлага, хүсэлтийн үндсэн дээр явуулах, мэтгэлцэх, зохигчдын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж улмаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэсэн байна.

Тиймээс тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалтын үйлчлэлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан. Тус байнгын хороо 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын тогтоол баталлаа.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.


Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид Үндэсний хороо улсын байцаагчийн эрх олгох” тухай заалтыг “Монголбанкны ерөнхийлөгч улсын байцаагчийн эрх олгож, цуцлах” болгон өөрчлөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх санал олонхийн дэмжлэг авч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг баталлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцууллаа.


Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. Дээрх хурлаар Монгол Улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч, тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна УИХ-ын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ. Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх аж.

Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хууль санаачлагч үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх, хөрөнгийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эрсдэлд суурилсан үнэлгээ хийх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, Үндэсний зөвлөл ажиллуулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд ч туссан байна.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагууд олон нийтэд таниулах болон мэдээлдэг байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мөнгө угаахтай холбогдох гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, сэжигтэй гүйлгээ хийсэн этгээдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг хэлжээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, хуулийг хэрэгжүүлэх байгууллага байгуулж шинээр зардал үүсэх эсэх талаар лавласан.

Ажлын хэсгээс хариулснаар, хуулийн төсөл батлагдсанаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжид хууль тогтоомжийг нийцүүлэх, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх олон улсын хориг арга хэмжээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Хууль бус мөнгө угаасан шинжтэй гэмт хэргийн талаарх мэдээллийг 140 гаруй оронтой харилцан солилцож, хамтран ажиллах боломж бий болох юм байна.

Хуулийг хэрэгжүүлэх шинэ орон тоо бий болж, шинэ зардал бий болохгүй бөгөөд Засгийн газар, хууль сахиулах байгууллага, Монголбанкны оролцоотой салбар дундын үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөл ажиллах аж.

Гишүүд асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталлаа

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.


УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг ирүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Байнгын хорооны саналтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.

“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Түүнчлэн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудитороос 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Төсвийн байнгын хороонд тус тус төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий аудитороос ирүүлсэн саналын дагуу Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Төрийн аудитын тухай хуульд зааснаар төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаардаг бөгөөд төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ. Төрийн тусгай албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг хууль тогтоомжоор тогтооно гэж заасан боловч төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нэмэгдлийг хууль тогтоомжоор тусгайлан зохицуулсан зохицуулалтгүй байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл