Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 36 дахь дугаарын тойм

Энэ удаагийн дугаарт, Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Энэ тогтоолоор, “Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал”, “Сумын хөгжлийн индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалт”-ыг баталсан байна.

Түүнээс гадна Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сумдын хөгжлийн загвар”-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумдын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-с дээш, онцлог сум гэж 4 ангилж, ангилал тус бүрээр тооцон байр эзлүүлж, тухайн жилийн II улиралд багтаан зарлаж байхыг холбогдох сайдад даалгажээ.

Тогтоолоор, сумын хөгжлийн индексийг сумын хөгжлийн ерөнхий түвшинг үнэлэх, сумын хөгжлийн индексийг тулгуурлан сул хөгжсөн орон нутагт чиглэсэн бодлого боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас сумдыг хөгжүүлэхээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг хэмжих тохиолдолд ашиглах ажээ.

Сумын хөгжлийн түвшинг 7 бүлэг, 33 үзүүлэлтийг ашиглан тооцох бөгөөд сумын хөгжлийн индексийг тооцох дараалал, баримтлах зарчим, арга зүй, сумын хөгжлийн индексийн тооцооны үр дүнг ашиглах, нийтэд мэдээлэх асуудлыг энэ тогтоолоор тогтоож өгсөн байна.

Мөн ямар бүлэг, үзүүлэлтийг харгалзан шаардагдах мэдээллийг гаргах байгууллагуудыг жагсаажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ хуулийн 4 дэх хэсэгт “ Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл