Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионтой парламент хоорондын болон эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа

  2019-04-16 15:50  325

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион хууль тогтоох дээд байгууллагын тэргүүний өндөр албан тушаалд томилогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргэв.

Монгол Улс, Куба Улсын хооронд 1960 оны арванхоёрдугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил 60 жилийн ой нь тохиох юм. Энэ ой хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагааны нэгэн чухал хуудас болно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал онцлон тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Куба Улс энэ онд шинэ Үндсэн хуулиа баталсныг ноён Элчин сайд мэдээлээд, энэ талаар МУИС-д илтгэл тавьж, эрдэмтэн судлаачидтай санал солилцсон гэдгээ хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ Үндсэн хуулиа баталсанд нь Кубын ард түмэнд баяр хүргээд, суурь хуулийн энэхүү өөрчлөлт нь Куба Улсын хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн бөгөөд боловсрол, эрүүл мэнд, биотехнологи, спортын зэрэг салбарын хамтын ажиллагааны ололт амжилтыг бэхжүүлж, цаашид гүнзгийрүүлэхийн чухлыг онцоллоо.

Кубад үйлдвэрлэсэн хавдрын эсрэг вакциныг Монгол Улсад оруулж ирэх талаар холбогдох яамныхантай санал солилцож, зарим эм бэлдмэлийг Монголын анагаах ухааны салбарт ашиглаж байгаа бөгөөд үр дүн сайн, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл өндөр байгааг Элчин сайд  Раул Дэлгадо Консэпсион тэмдэглэлээ.

Түүнчлэн спортын салбарын уламжлалт харилцаагаа бэхжүүлэх, “Токио-2020” олимпод бокс, жүдо, чөлөөт бөх зэрэг төрлөөр хамтран бэлтгэх, сургалт дасгалжуулалтад Кубын мэргэжилтнүүд туслахад бэлэн байгааг хэлсэн юм.  Мөн Монгол Улсын байгаль орчны салбарынхантай уулзаж, ногоон байгууламжийг нөхөн сэргээх асуудлаар төсөл хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэдгийг мэдээлээд, хавдрын эсрэг сайн үр дүнтэй нь нэгэнт нотлогдсон вакциныг Монголд оруулж ирэх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, мэргэжилтэн солилцох, эмнэлгүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, хамтарсан эмнэлэг байгуулах, элэгний хавдрын эсрэг болон элэгний гепатитийн эсрэг вакциныг эмчилгээнд хэрэглэх, Монголын эмч, судлаачдыг Кубад ажиллуулж мэргэжил дээшлүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг дэмжих, хоёр орны найрсаг харилцааны илэрхийлэл болсон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.  

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарыг Бүгд Найрамдах Куба Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.   


  2019-04-16 16:46  325