Сургуулийн газрыг хувийн хэвшилд эзэмшүүлж, орц, гарц хаасан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ажиллалаа

  2019-10-15 16:38  95

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудын хамт өнөөдөр /2019.10.15/ иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт ажиллалаа. 


Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх нь зөрчигдөж байгаа асуудлыг судлан, шийдвэрлэх өргөдлийг Чингэлтэй дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл өмнө нь тус байнгын хороонд ирүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн эзэмшлийн газар 2009 онд 9600м2 байсан ч шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд жил өнгөрөх бүр ойролцоох хувийн хэвшлийн байгууллагуудад сургуулийн газраас эзэмшүүлсээр сургууль руу орох орц, гарц хаагдахад хүрсэн, тус сургуулийн 1710 сурагч машины замтай нийлсэн шороон замаар сургууль руугаа очдог нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурах эрхэд халдаж байна гэж иргэд үзсэн байна. 


Мөн дээрх 39 дүгээр сургуулийн дэргэд байрлах 124 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны байр руу очих орц, гарцыг ч байшин хашаа барьж хаасан учир эл асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан ч хариу өгөөгүй тул асуудлыг шийдвэрлүүлэхээр Өргөдлийн байнгын хороонд хандсан байна.  

Сургуулийн урд талын, сургуулийн эзэмшил байсан талбайг 2010 оны наймдугаар сарын 13-нд тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан нь иргэн Д.Хасгэрэлд 15 жилээр эзэмшүүлсэн захирамж гаргасан учир уг компанийнхан хүүхдүүдээ сургуульд нь хүргэж ирдэг эцэг, эхчүүдийн авто машиныг эзэмшлийн газар руугаа нэвтрүүлэхгүй гэсэн маргаан удаа дараа үүссэн. Мөн сургуулийн баруун болон хойт зүг талаас авто машины замд тулгаж “Эрдэнэсуварга” ХХК 1998, 1999 оноос хашаа татсанаар авто зам хашаа хоёр нийлж, хүүхдүүдийг явганаар явах замгүй болгосон зэрэг хүндрэлийг уг орчинд бий болгосон талаар албан тушаалтнууд тайлбарлалаа.   


Энэ талаар тус сургуулийн захирал О.Бөхчулуун ярихдаа, “Өвөл цас орсон үед хүүхдүүд машинд шүргүүлдэг, зам дээр хальтирч унах зэрэг маш их эрсдэл үүсдэг. Хүүхдүүд жингийн цуваа гэдэг шиг ар араасаа цуварч явдаг. Нарийхан ч гэсэн явган хүний зам гаргаад, хашлага хийх хэрэгтэй байна” гэлээ. 


Харин Чингэлтэй дүүргийн газрын харилцааны албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, “Сургуулийн урд талын талбайн 600 мкв газрыг эзэмшиж байгаа иргэн Д.Хасгэрэлд Газрын тухай хуульд нийцүүлэн цаашид эзэмшүүлэх боломжгүй болсон талаар манай албанаас 2018 онд мэдэгдсэн. Мөн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар дүүргийн Засаг даргадаа уламжилсан”  хэмээв. 

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, “2019 онд эзэмших эрх нь үүссэн газарт дахин үнэлгээ хийх үед 39 дүгээр сургуулийн 4916 мкв газарт дахин үнэлгээ хийсэн. Одоо энэ газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явагдсаны дараа 39 дүгээр сургуулийн газарт дахин үнэлгээ хийж баталгаажуулах боломжтой” гэсэн бол Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, “Сургууль, цэцэрлэгийн орчинд орц, гарцыг хааж газар олгосон энэ асуудал хамгийн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг хөнддөг учир яаралтай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэлээ.  

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболд мөн хашаа, зам хоёр нийлсэн, тусгаарлах хашлагагүй, тэмдэглэгээгүй, гэрэлтүүлэггүй, хурд сааруулагчгүй орчин нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг хэлж байлаа. 

Ийнхүү албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Зөвхөн иргэдийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд бид ажиллаагүй. Хүүхдийн аюулгүй байдлыг маш чухлаар авч үзэхээс аргагүй байгаа учир энэ асуудлыг шийдвэрлэх 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудад өгч байна. 2010 онд хууль зөрчиж энэ газрыг олгосон албан тушаалтны бурууг бид шаардлагатай тохиолдолд хөндөх болно” гэв.  

Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 85 дугаар сургууль, 63 дугаар цэцэрлэгийн гадна очлоо. 

Гачуурт тосгонд байрладаг тус сургуульд 836 хүүхэд суралцдаг бол 63 дугаар цэцэрлэгт 410 хүүхэд хүмүүждэг. 

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд “Хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургаж хүмүүжүүлэхэд өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийдэг ч сургуулийн бүс орчмын авто замын аюултай байдал сэтгэл зовоож байна. 2014 онд Гачууртын замыг засварлахдаа зам дээр хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл тавиагүй, түгжрэлгүй замд машинууд өндөр хурдтай явдаг нь хүүхдүүдийн амь нас эрсдэх ноцтой байдалд хүргэдэг” гэв. 


Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Сургууль, цэцэрлэгийн бүс орчимын авто замын аюултай байдал, орц, гарцыг хаасан зэрэг энэ жишээ зөвхөн дээрх сургуулиудаар хязгаарлагдахгүй. Нийслэлийн дүүрэг, хороо бүрт ийм байдалд орсон сургууль, цэцэрлэг бий. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлын төлөө албан тушаалтнууд хойшлуулалгүй асуудлыг шийдвэрлэх ёстой” гээд дагалдан ажилласан албан тушаалтнуудад асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар хугацаатай үүрэг, даалгавар өгч байгаагаа мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-10-15 16:36  95