Зээлийн хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжив

  2018-04-11 18:02  282

   

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.11) хуралдаан 09 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө 

    Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслийн талаар танилцуулав.


    Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг авч нийт 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа нь өнөөг хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол  2017 онд баталсан тус банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн болохыг танилцуулгад дурдлаа. Ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам. долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил болохыг С.Чинзориг сайд танилцуулав. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараас хариулт авлаа. Нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилго, зорилт бүхий олон санамж бичиг байгуулж байсан, тэдгээр нь яагаад ажил хэрэг болдоггүй талаар Ж.Ганбаатар гишүүн тодруулсан. Монгол Улс санхүү болон засаглалын нэгдмэл тогтолцоотой учир нийслэл нь эдийн засгийн бие даасан бодлого, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас зөвшөөрөл авах, Улсын Их Хурлаас соёрхон батлуулж байж санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэдэг. Мөн Засийн газрын 2016 оны 37, 38 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудыг зогссон. Иймээс аливаа төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн хэмээн Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тайлбарлалаа. Нийслэлийн хэмжээнд жилд 116-120 мянган тонн барилгын хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж, дахин барилгажуулж байгаатай холбоотой. Одоогоор энэ төрлийн хог хаягдлыг Туул голын хөндий, Дунд голын ай саваар зөвшөөрөлгүйгээр хаядаг, түүнийг нь нийслэлийн харъяа байгууллагуудаас зардал гарган цэвэрлээд явж байна. Төсөл хэрэгжиж үйлдвэр баригдсанаар жилд 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулан авто замын асфальтад ордог материалууд, замын хучилтын материалууд, цемент, хавтан, брдюр хийдэг материалуудыг үйлдвэрлэх аж. Эдгээрийг худалдан борлуулснаар зээлийн эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд нөхөн төлөх эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийжээ. Зээлийн нөхцөлийн талаар Сангийн дэд сайд дэлгэрэнгүй тайлбар хийж “Бүхэлд нь тооцож үзвэл зээлийн хөнгөлөлтийн хэмжээ 43.06 хувь байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээлийг нэн хөнгөлөлттэй хэмээн ангилсан байдаг бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас авч буй энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй” гэв. 


    Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороо улсын хэмжээнд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг нэгтгэн сонсох, ахуйн хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн эрчим, хүч дулааны дутагдалтай байгаа хороодод хүргэх чиглэлээр ажиллах, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох зэрэг саналыг гишүүд хэлж, зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн ба Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээ болов. 

Ажлын хэсгүүд байгууллаа

    Хуралдаанаар үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан.


    Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулан байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Монголбанкны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-04-11 11:53  282