Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.


Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасны зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг “Гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн “30 хоногийн” гэснийг “1 сарын” гэж өөрчилж, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “Монгол Улсын Их Хурал” гэсний дараа “/цаашид “Улсын Их Хурал” гэх/ гэж нэмэхээр тогтлоо.

Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжиж баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн батлав.


Дараа нь Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэргүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хийсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06, 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 21 саналын томьёолол гаргасны дагуу санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 59 дүгээр зүйлийг “59 дүгээр зүйл.Гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглох, “59.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэж, 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсгийг “3өрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус өөрчлөн найруулах,  төслийн 190 дүгээр зүйлд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн агуулгатай 190.10 дахь хэсэг нэмэхээр тогтов. Харин төслийн 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсгийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргад цэргийн дээд цол олгож болно” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл