Засгийн газрын зарим гишүүдийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв

  2016-07-22 01:00  960

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" болон "Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлсэн болохоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулаад, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг тогтоолын төсөлд дурдсан байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 23:38  960