Эмхэтгэлийн шинэ
дугаарт Гэрээ
соёрхон батлах тухай хуулиуд, уг хуулиар соёрхон баталсан Иргэний болон аж ахуйн
хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд
Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ, Гэмт
этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ,
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол
Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг нийтэлжээ.
Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд манай улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх төв байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Дээд шүүх байна. Гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.
“Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталснаар хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын иргэний хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг хоёр улсын хуулийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжтой болж хууль ёсны эрх ашгаа хамгаалахад нь туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдэх ажээ.
Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичгийг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг тодорхой заажээ.
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ нь 22 зүйлээс бүрдэж байгаа аж.
Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдсэн, иргэд хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын байдлаар олон тооны иргэд харилцан зорчих болсон. Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шаардлага гарахад тус харилцааг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй байх шаардлага үүссэн байна.
Хуулийг баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэс бүрдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн ажиллагаа, тухайлбал, нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргийг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хуулийн байгууллагууд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болж байгаа юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.