Цэс

Холбоо барих

Г.Чулуунбаатарыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов

Засгийн газрын гишүүн, сайдыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжив


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Гэлэгпилийн Чулуунбаатарыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах тухай саналыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилуулах санал, нэр дэвшигчийн талаар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Нэр дэвшигч Гэлэгпилийн Чулуунбаатар нь 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, албаны дарга, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал, НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академийн захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улсад 36 жил, үүнээс боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 29 жил ажилласан байна.

Иймээс Г.Чулуунбаатарын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь 1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн  аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 онд   Москва хотод философийн ухааны дэд доктор  (Ph.D)-ын зэрэг, 2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. Улаанбаатарын их сургууль, Удирдлагын академийн профессор, БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургууль, Японы Сока их сургуулийн хүндэт профессор цолтой. 2009 оны 2 дугаар сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртжээ.


Мөн тэрбээр 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд санал нэгтэй дэмжжээ. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Г.Занданшатар, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Д.Ганболд, Л.Болд нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд энэ салбарт бэлтгэгдсэн, арвин туршлагатай, улс орны бодлогын олон баримт бичгийг боловсруулахад оролцож ирсэн эрдмийн хүн эрдмийн салбарт томилогдохоор нэр дэвшсэнийг дэмжиж буйгаа илэрхийлээд боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангаж тогтолцоо, хууль эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургалтын уялдаа холбоог сайжруулах, хүүхдэд эрдэм номоос гадна зөв хүмүүжил, төлөвшил олгох, үүнд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах, сурах бичгээр бизнес, шахаа хийдэг явдлыг таслан зогсоож агуулга, чанарыг сайжруулах, сургалтын төлбөр дээр суурилсан төрийн өмчийн их, дээд сургуулиудын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, оюутны зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, академи, хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын ажлын уялдааг сайжруулr, чадавхи нөөцийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарах, яамны эрхлэх асуудлын хүрээний салбаруудын ажил байдалтай газар дээр нь очиж үзэж танилцан ажлын үр дүнг дээшлүүлэх, хариуцлага сахилгыг бэхжүүлэхэд анхаарч, алдаа дутагдлыг засах, хариуцлага тооцох замаар салбарын ажлыг сайжруулах шаардлагатайг хэлж байв.

Ингээд Г:Чулуунбаатарыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 49 нь буюу 94.2 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор болов.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, Намжилын Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснээ Улсын Их Хуралд санал болгосон талаар Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг шүүгч санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат нь Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн буюу 78.2 хувийн санал авсан тул Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1979-1990 онд МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай Улсын Дээд шүүхийн саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.


Улсын Дээд шүүхийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нар үг хэлж нэр дэвшигч Н.Чинбат нь хууль зүйн салбарт олон жил ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, ноён нуруутай хуульч учраас дэмжиж буйгаа илэрхийлээд асуудалд голч шударга, зарчимчаар хандаж, Үндсэн хуульдаа үнэнч ажиллахыг захиж байв.

Ингээд Намжилын Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжив. Иймээс энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл