Цэс

Холбоо барих

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн асуудлаарх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2018.06.08/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 



Хууль санаачлагч танилцуулгадаа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн дээрх заалтуудыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулав” гэжээ. 

Үндсэн хуульд заасныг баримтлан Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна. 

Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулах юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахад 4 шүүгч, 4 ажилтан нийт 8 орон тоо нэмэгдэж, шүүгч, ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж, шүүхийн байрны түрээс, ашиглалтын зардал зэрэг шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад 2018 оны сүүлийн хагас жилд нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.06.08
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл