Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байна

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийж буй айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзаж ярилцав.

Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох парламентууд болон аюулгүй байдал, батлан хамгаалах, хуулийн байгууллагуудын хооронд тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, Вьетнамын цэргүүдийг “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад өргөнөөр хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ойрын үед Вьетнамд айлчлуулж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгаад, банк санхүүгийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх замаар хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал гэж үзэж байна гэв.


Тэрбээр аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн тохирсон Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэх нь чухал болохыг онцолж, цаашид цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

“Петро Вьетнам” компанийн Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахад бэлэн байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдээлж, хоёр талын шууд оролцоотой хэрэгжүүлэх төслүүдийн нэг байж болох боломжтой гэв. Энэ өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийв.   

2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэсэн юм. БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг 2017 оны дүнгээр энэ хэмжээ 67.7 сая ам долларт хүрч, 2016 оныхоос 16.5 хувь нэмэгдсэнийг мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд агаарын болон төмөр замын тээврийн асуудал онцгой чухал болохыг онцлоод, энэ талаар Вьетнамын тал өөрөөс хамаарах арга хэмжээг авна гэдэгт найдаж байна гэв. Мөн нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол Монголын үйлдвэрлэл эрхлэгчдэд байгааг анхааралдаа авахыг хүсэв.

Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Ханой-Улаанбаатар хот, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг Ханой болон Хо Чи Мин хотын дүүргүүдтэй шууд харилцаатай болгох, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайн тээврийн туршлагаасаа хуваалцах санал тавьсныг Вьетнамын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.  

Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг өндөр дээд хэмжээний айлчлал, яам, газруудын уулзалт яриа хэлэлцээг тогтмолжуулж, Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Үндэсний ассамблейд 9 гишүүнтэй Вьетнам-Монголын найрамдлын бүлэг ажиллаж байгааг дурдаад, цаашид хоёр парламентын удирдлага, гишүүд, Байнгын хороо, найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг байнга, тасралтгүй өрнүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын харилцаанд чухал үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэлээ.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Үндэсний ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганг нар ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна.


Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжих болно гэв.


УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.        


Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал Ази, Номхон далайн хамтын ажиллагаа, АСЕАН-ы зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэх Монголын санаачилгыг дэмжсэн байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.               

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл