Цэс

Холбоо барих

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2018.05.09) хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 23 минутад эхэлсэн Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар даргалсан юм. Эхлээд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.


    АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулахаар 2014 онд шийдвэрлэсэн байна. Энэхүү Компакт гэрээний хүрээнд нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Гэрээний дагуу Мянганы сорилтын корпорациас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг санхүүжүүлэх аж. Хөтөлбөрийн нийт снхүүжилт урьдчилсан байдлаар 461 сая ам.доллар болж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар 111.7 сая ам.долларын хөрөнгийг улсын төсөв, санхүүгийн бусад эх үүсвэрээс гаргах үүрэг хүлээх юм байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг нар асуулт асууж, тодруулга хийлээ. Ойрын жилүүдэд усны салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй, харин энэ удаа гаднаас санхүүжүүлэн ус хангамжийн чиглэлээр томоохон бүтээн байгуулалт хийх боломж бүрдээд байгааг Д.Цогтбаатар сайд тэмдэглэв. Нийслэлчүүдийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хүрээнд 58 худаг нэмж гарган, насосууд байрлуулах, усан хангамжийн цогц дэд бүтцийг байгуулах юм байна. Мөн цэвэрлэх байгууламжаас гарах саарал усыг ашиглахад шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм байна. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх чиглэлээр Засгийн газар, БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хоёр төсөл нягт холбоотой төлөвлөлттэйгөөр хийгдэж байгаа гэдгийг сайд хэлсэн. Ийнхүү усны асуудлыг цогцоор нь харж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, хангамжийн асуудлыг шийдвэрлэх юм бол нийслэл хотын нягтрал буурч, хот тэлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Гэрээ 2019 оноос эхлэн хэрэгжих тооцооллыг холбогдох талууд хийсэн байгаа гэв. 


    Улаанбаатар хотын усны нөөцийг дахин үнэлэх асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2014, 2015 онуудад хийсэн талаар  Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн мэдээлэв. Ундны усны нөөц өвлийн улиралд 77 сая м3, зуны улиралд 85 сая м3 болдог. Төслийг зөвшилцөж буй гэрээний хүрээнд ажил гүйцэтгэсэн тохиолдолд дээрх хэмжээ жилд 50 сая м3-ээр нэмэгдэх юм байна. Саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөхцөл бүрдвэл 36 сая м3 усыг хэмнэх аж. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд ундны усны нөөцийг 2 дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд нийслэлийн усны нөөц ирэх 100 жилд хүрэлцэнэ гэсэн төсөөлөлтэй байгаагаа албаны хүмүүс хэллээ.  

М.Оюунчимэг гишүүн усны нөөцийг хамгаалах, хадгалах чиглэлээр холбогдох газрууд тодорхой ажлуудыг хийх шаардлага байгааг анхааруулж, Засгийн газраас энэ салбарт ихээхэн анхаарч хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийж байхад нөгөө талд бизнесийн байгууллагууд, иргэд ундны усны хамгаалалтын бүс, гадаргын усны нөөцийг сүйтгэх үйл ажиллагааг явуулсаар байгааг шүүмжилсэн. Холбогдох байгууллагууд хяналт шалгалт, хууль хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжих томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

    Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.


   Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн. Иймд Засгийн газар татварын орчныг шинэчлэн хялбар, энгийн болгох,  шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Ийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч ажилласан байна. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Ирэх онд улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн онцлогийг тодруулсан Д.Тэрбишдагва гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгсөн. 2013 оноос хойш уруудаж байсан эдийн засгийн уналтыг зогсоох ажлыг 2017, 2018 онд үргэлжлүүллээ. Өрийн дарамтыг энэ жилдээ багтаан цэглээд, хүндрэлийг гэтэлж гарч байгаа юм. Тиймээс 2019 онд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох, түргэсгэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, бизнесийн орчныг таатай болгох зарчим баримталж төслийг боловсруулсан. Үүний гол хөдөлгүүр нь 1.2 сая ажлын байрыг бий болгодог хувийн хэвшил учир татварын бодлогоор дэмжиж, зээлийн хүүг бууруулах, тогтвортой орчныг бүрдүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Худалдааны гол түнш БНХАУ-тай экспортын гэрээ, хэлцэлийг Засгийн газар амжилттай хийж байгаа нь эргээд 2019 онд улс орны эдийн засгийг тэтгэх гол хөшүүрэг байх болно гэж тооцсон. Түүнчлэн ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орж ирж буй санхүүжилтүүдийг оновчтой, үр ашигтай ашиглахад онцгой анхаарч байгааг Сангийн сайд хэлсэн.


    Тэрбээр төсөл дэх төсвийн тэнцлийн талаар М.Оюунчимэг гишүүний тодруулсны дагуу хариулт өгөв. 2013 оноос хойших нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг агшсан байгаа, үүн дээр нь 2019 оны төсвийн тэнцлээ нэмэх болгочихвол буцаад эдийн засаг хумигдах болно. Тиймээс эдийн засгийн тэлэлтийг дэмжих зорилгоор ирэх онд төсвийн тэнцлийг алдагдалтайгаар оруулсан. Гэхдээ Засгийн газар төсвийн алдагдлыг өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэхгүй байхад анхаарч, аль болох хүү багатай зээл, тусламжаар санхүүжүүлхээр тооцсон гэв. Мөн арилжааны банкуудаас Засгийн газар зээл авахгүй, ингэснээр хувийн хэвшлүүдэд очих зээлийн эх үүсвэрийн өртөг буурч, хүртээмж нэмэгдэнэ. Үүний үр дүнд хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжиж, ажлын байр шинээр бий болох ач холбогдолтой гэж Сангийн сайд тайлбарлав. Мөн М.Оюунчимэг гишүүний тодруулсны дагуу боловсролын зээлийн талаар мэдээлэл өгсөн. Арилжааны банкуудаар дамжуулан энэ төрлийн зээлийг түгээхээр хэт өндөр шаардлага тавьсны улмаас хүртээмж бага байсан. Тиймээс Төрийн сангаас шууд санхүүжүүлэх нь зохимжтой гэж үзжээ. Ингэхдээ хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн нэн шаардлагатай мэргэжлүүдийг эрэмбэлэн энэ дагуу олгох,  удаад нь тэргүүлэх чиглэлийн, мөн орон нутгийн их дээд сургуулиуд руу санхүүжилт түлхүү олгох бодлого баримтлахаар төсөлд тусгасан байна. Харин хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй байгаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд санхүүжилт олгохгүй байх бодлого баримталж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд дуулгасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2019 онд шинээр 45000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолсон талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл өглөө. Ипотекийн зээлийн ирэх оны хүртээмжийн талаар Б.Ундармаа гишүүн асуулаа. Өнгөрсөн оны эхнээс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хүрээнд ипотекийн зээлийг улсын төсвөөс, эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын сайд дурдав. 2017 онд төсвөөс 110 тэрбум, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 294 тэрбум, арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 266 тэрбум гээд нийтдээ 660 тэрбум төгрөгөөр энэ төрлийн зээлийг санхүүжүүлсэн байна. Нийт 10400 өрх ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд энэ онд ч дээрх хэмжээний санхүүжилт олгох аж. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2019 онд ипотекийн зээлийг 130 орчим тэрбум төгрөгөөр төсвөөс санхүүжүүлэхээр тусгаад байгаа хэдий ч энэ нь эрэлтийг хангаж чадахгүй байгааг Х.Баделхан сайд хэлсэн. 


    Ипотекийн санхүүжилтээс гадна суурин газруудын камержуулалт, үйлдвэржилтийн хөтөлбөр, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр төсөлд туссан арга хэмжээний талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсэг дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Мөн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэн үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нарын гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн. Дараа нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үүний дараа дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэсэн юм. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаар танилцуулав. Сүүлийн жилүүдэд Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж байгааг танилцуулгын эхэнд хэлсэн. 2008-2015 онд 16973-30111 удаа бүртгэгдсэн бол 2016 онд 38442, 2017 онд 36437 удаагийн газар хөдлөлт болсон. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт нэмэгдэн, эрсдэл 1.3-2.1 дахин өссөн болохыг тоон үзүүлэлтээс харж болох аж. Өнгөрсөн онд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь томоохон суурингийн оршин суугчдад мэдрэгдсэн гэлээ. Энэ төрлийн байгалийн үзэгдэл манай төр засаг, ард иргэдийн өмнө гамшгийн аюул занал болон тулгарах томоохон эрсдэл болоод байгаа аж. Засгийн газрын тогтоолоор 2016 онд байгуулагдсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь эрх зүйн орчныг сайжруулах, аймгуудад салбар зөвлөл байгуулж, улс орон даяар энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, шалгалтаар сургуулийн 823 барилгын 165 нь, цэцэрлэгийн 667 барилгаас 94 нь, эмнэлгийн 652 барилгаас 78 нь, соёл урлагийн байгууллагын 406 барилгаас 107 нь ашиглалтын шаардлага хангахгүй буюу газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоожээ. Шадар сайд үргэлжлүүлэн улсын хэмжээнд ашиглагдаж буй орон сууцны талаар, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон орон сууцны барилгын нөхцөл байдлын талаар танилцуулж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний төлөвлөгөөний талаар мэдээлсэн. 


    Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва улс орны эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг тооцож, цаашид газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг донор орнуудын тусламж, дэмжлэгийн хүрээнд шийдвэрлэх гарцыг хайх саналыг хэлсэн. Мөн ажлын хэсгээс эмнэлэг, сургууль, худалдааны төв тэргүүтэй олон нийтэд зориулсан барилга барих компаниудыг эрэмбэлэх шаардлага бий гэдгийг онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улсын хэмжээнд барилгын материалын сорил шинжилгээг хийх лаборатори байхгүй. Тиймээс энэ төрлийн төв лабораторийг байгуулах, бүтэц орон тоог батлах, цалин хөлс, холбогдох зардлыг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган батлуулахыг тогтоолын төсөлд тусгуулах саналтай байна” гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 25-ны Лхагва гарагийн хуралдаанаараа дээрх мэдээллийг сонссон бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлах асуудлыг хэлэлцсэн юм. Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын талаар санал солилцож, гишүүдээс гаргасан саналуудыг тусгахаар болов. Ингээд Засгийн газарт чиглэл өгөх тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцон гишүүдийн 72.7 хувь нь дэмжиж, Байнгын хороодын тогтоолын төсөл батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл