Цэс

Холбоо барих

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томиллоо

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр (2017.10.04) 10 цаг 57 минутад 56.6  хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудал хэлэлцэв.

Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан. Энэ дагуу зөвшилцөх саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр албан бичгээр хариу илгээсэн.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2017 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх нь хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө ихийг хийж бүтээн, тулгамдсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна гээд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулсан юм.


Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1975-1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургууль, 1992-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1989-1990 онд Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх, МАН-ын “Залуучуудын хөгжил” төвийн ерөнхий захирал, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2017 оны есдүгээр сараас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.

МАН-ын Бага Хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын зүүний хүчний холбооны ерөнхийлөгчийн сонгуультай. Ардын армийн бэлтгэл хурандаа цолтой.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.


Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож, томилогдон төрийн хариуцлагатай алба хашиж ирсэн, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй, төрийн ажлын дадлага, туршлага хуримтлуулсан гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, С.Эрдэнэ, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн залгамж чанарыг хадгалж, ажил хэрэг хэвийн байх зарчим барина, энэ үүднээс яамдын тоог нэмэхгүй, цөөлөхгүй, агентлагууд энэ хэвээрээ ажиллана. Харин хууль зөрчсөн, төрийн ажлыг цалгардуулдаг, ёс зүйгүй, хариуцлагагүй төрийн албан хаагчдын толгойг илээд байхгүй.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эдийн засгийг сэргээх талаар Улсын Их Хурлаас гаргасан бодлого зэрэг баримт бичгийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

Бондын өр төлөх асуудал бидний өмнө тулгарч буй хамгийн хүндрэлтэй асуудал болоод байна. Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг багасган төсвийн тэнцлийг сайжруулахад онцгой анхаарна. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Улс орны эдийн засаг амаргүй байгаа, яаралтай төлөх өр зээлийн асуудал тулгамдсан ийм үед цалин хөлсийг нэмэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж тун хомс байгааг хаана хаанаа ойлгох учиртай. Ирэх оны төсвийг судалж байгаа. Цаашид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг эдийн засгийн боломж, нөхцөл байдалтайгаа уялдуулан үе шаттай шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс ирэх оны төсөвтэйгээ танилцаж байгаад нэмэх асуудлыг судалж үзнэ, аль болохоор нэмэхийн төлөө байгаа.

Мөн Оюутойлгой, Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ, хэрэв хууль тогтоомж зөрчсөн, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцээгүй асуудал гарсан бол засч залруулна. Тавантолгойн орд нь ард түмний өмч байх ёстой, үндэсний компаниуд өөрсдөө ашиглаад ард түмэн хувь хишгийг нь хүртэх боломжтой. Эрдэнэтийн тухайд Улсын Их Хурал бодлогын шийдвэрээ гаргасан, тиймээс асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Түүнчлэн шинээр байгуулагдах Засгийн газар маань бядтай бяртай байгаасай. Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа хамтарч ажиллаж чаддаг, хүндрэлтэй асуудлыг шийдэх хүч, нөөцтэй, чадвартай Засгийн газар байгаасай гэж бодож байна гэдгээ нэр дэвшигч хэлсэн юм.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, О.Батнасан, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ч.Улаан, Д.Мурат, С.Жавхлан, Л.Болд, Я.Санжмятав, Л.Элдэв-Очир, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчид амжилт хүссэн юм. Үг хэлсэн гишүүд ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн орлогыг өсгөх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг аль болохоор нэмэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, банкны зээлийн хүүг бууруулахад анхаарах, төсвийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, өмнөх Засгийн газрын үед бий болсон эдийн засгийн суурь үзүүлэлтийг хадгалж цаашид тогтвортой өсөлт бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг боловсролын салбарын бодлоготойгоо уялдуулах, шинээр бүрдэх Засгийн газар нь бодлогын Засгийн газар байх, энэ үүднээс тооны биш бүтцийн өөрчлөлт хийх, асуудлын эрэмбэ дараалал, асуудлыг шийдэх арга замаа олоод өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж шийдвэрээ гаргаж хурдтай, шуурхай, хуулинд захирагдаж шударгаар ажиллахыг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд захилаа.

Ингээд Байнгын хорооны саналаар Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Мөн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн, У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав.


Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Улсын Их Хурлын нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсээд Ерөнхий сайдын суудалд суухыг урилаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн намын хамт олондоо талархал илэрхийлэв.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлсэн, хуулиа дээдэлж, сахилга, дэг журмыг тогтоосон Ерөнхий сайд байна. Ард түмнээ өмгөөлдөг, буруутанд хариуцлага тооцож чаддаг, шударга ёсыг дээдэлдэг Ерөнхий сайд байх болно гэдгээ тэрбээр мэдэгдлээ.


Мөн төсвийн сахилгыг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг өсгөх бодлого баримтална. Газрын доорхи байгалийн баялаг Монголын нийт ард түмний өмч байх ёстой гэсэн зарчим барьж, баялгийн зөв, шударга хуваарилалтыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлаа хуулийн хугацаанд багтаан Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхийг шинээр томилогдсон Ерөнхий сайдаас хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл