Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулан байгуулсан.


    Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан энэ сарын 02-04-ний өдрүүдэд Завхан, Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгууд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж,  хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн асуудлаар санал солилцлоо.

    Орон нутагт тулгамдаж буй нийтлэг асуудал нь мэргэжлийн хүний нөөцийн дутагдалд орсон явдал юм. Аймгийн удирлагуудын зүгээс цалин хөлс, нийгмийн баталгаанаас шалтгаалан орон нутагт ирж тогтвор суурьшилтай ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байгаа талаар хэлж байлаа. Мөн сумдад нийгмийн  асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох хэрэгцээ байгааг уламжлав.


    Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, холбон зуучлах үйлчилгээг орон нутгийн болон үндэсний хэмжээнд сайжруулахад санхүүжилтийн асуудал гол бэрхшээлийг дагуулж байна. Үүнээс гадна хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалахад салбар дундын хамтын ажиллагаа хангалтгүй байна гэлээ. Тухайлбал, сумдын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаагаас Хамтарсан багийн үйл ажиллагаа сулрах, үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил дээр ажиллаж, хариу үйлчилгээ үзүүлэх ажил удааширдаг байна. Өвөрхангай аймагт л гэхэд 2021 онд 13 Нийгмийн бодлогын мэргэжилтэн солигдсон бол 2022 оны эхний хагас жилийн байдлаар зургаан мэргэжилтэн солигджээ.


Ахуйн хүрээний архидалт ихсэж, үүнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай болсон байна. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллах эмч, мэргэжилтэн хомс, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээнд ашиглах зарим хэрэглэгдэхүүн байдаггүй гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд уулзалтын үеэр хөндөж байлаа. Тиймээс шат шатандаа хүний хөгжлийг дэмжсэн, хүүхдийн эрхийг хамгаалах цогц арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэлээ.


УИХ-ын ажлын хэсгийн гишүүд нийслэл болон орон нутагт бүсчилж ажиллаж байна. Цаашид хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөмж боловсруулан Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгч ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан хэллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл