Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.05.30-06.03)


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2022.05.30 http://parliament.mn/n/zgbon

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран сурагчдын дунд “Парламентын боловсрол” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээний аваргын төлөөх мэтгэлцээнийг Төрийн ордонд зохион байгуулав. 2022.05.30 http://parliament.mn/n/zkbon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Монголоо мандуулья” аяны уриалга, ивээл дор эрдэм шинжилгээний цуврал хурлыг зохион байгуулж буй юм. Улсын Их Хурлын Тамгын газар, “Соён гэгээрүүлэгч” телевиз хамтран “Нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсрол хүмүүжлийн ач холбогдол, шийдэл гарц” сэдэвт ээлжит хурлыг Төрийн ордонд хийлээ. 2022.05.30 http://parliament.mn/n/a1bon

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Хуралдаан Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр хийлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан буюу Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулж Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2022.05.31 http://parliament.mn/n/zsbon

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хот суурины ариутгах татуурга, ус хангамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгууллаа. Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг найруулгын засвар хийх санал хэлсэн бөгөөд уг саналыг хүлээн авч тусгах нь зүйтэй гэж үзэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2022.05.31 http://parliament.mn/n/agbon

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулж дэмжив. 2022.05.31 http://parliament.mn/n/akbon

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил болон Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа. 2022.05.31 http://parliament.mn/n/asbon

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. 2022.05.31 http://parliament.mn/n/a4bon

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2022.05.31 http://parliament.mn/n/3nbon

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар эхлээд “Нотлох баримт гаргуулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Дараа нь Хөгжлийн банкны зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонсов. 2022.05.31 http://parliament.mn/n/aqbon

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.31 http://parliament.mn/n/3gbon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, тогтоолын төслийн хэрэгжилт, явц байдалтай танилцлаа. 2022.05.31 http://parliament.mn/n/3kbon

Хүүхдийн  эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Архангай аймагт ажиллалаа. 2022.06.02 http://parliament.mn/n/31bon

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлБайгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ. Үргэлжлүүлэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Түүнчлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Дараа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 2022.06.02 http://parliament.mn/n/3sbon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Ганбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 55 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг дэмжсэн. Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж. Гишүүдийн олонх тус тус дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 2022.06.02 http://parliament.mn/n/34bon

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр С.Дондов, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я.Цэлмэн нарыг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа. 2022.06.03 http://parliament.mn/n/4gbon

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2022.06.03 http://parliament.mn/n/4kbon

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж. УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Мөн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2022.06.03 http://parliament.mn/n/4qbon

Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй цуврал хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудыг хийж байгаа. Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаарх “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн даатгалын хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.06.03 http://parliament.mn/n/41bon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өргөн мэдүүллээ. 2022.06.03 http://parliament.mn/n/5nbon

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Батшугар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар өргөн мэдүүллээ. 2022.06.03 http://parliament.mn/n/44bon

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа. 2022.06.03 http://parliament.mn/n/5kbon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаан “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээллээр үргэлжиллээ. 2022.06.03 http://parliament.mn/n/51bon

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл