Цэс

Холбоо барих

Инфографик: Музейн тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Музейн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.


    Монгол Улсад музейн үйл ажиллагааг өмнө нь Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн.

    Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй төрийн өмчийн 12, орон нутгийн 24,  хувийн 2 музей үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сум, дүүрэгт орон нутаг сурталчлах  зориулалт бүхий 265, Монголбанк, Хил хамгаалах, Онцгой байдлын, Цагдаагийн, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн, Археологийн, Палеонтлогийн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим ажиллаж байна.

    Музей нь ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага байх бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулж болно.

    Энэ хуулиар музей нь үзэл баримтлалтай байж, түүний хүрээд үзмэр цуглуулах, сан хөмрөг бүрдүүлэн бүртгэх, хадгалж хамгаалах, үнэлэх харилцааг тодорхой заасан. Түүнчлэн музейн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зэрэглэл тогтоохтой холбоотой зохицуулалтыг тусгасан.  

Музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дөрвөн жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэж, зургаан жил тутам үзүүллэгээ шинэчилж, найман жил тутам тусгай зөвшөөрлөө сунгуулснаар үзүүллэг, дэглэлтийг байнга шинэчлэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэхэд чиглэсэн. 


    Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд 2022 оноос уг үйлчилгээний зардлыг хувийн музейд төрөөс нөхөн олгохоор, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгав. 

Музейн аюулгүй байдлыг музейн орчны, барилга байгууламжийн, сан хөмрөгийн гэсэн гурван  түвшинд авч үзэн, үндэсний стандарт тогтоох эрх зүйн үндсийг тавьж, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. 

    Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтныг томилоход тодорхой шаардлага тавьж, түүний мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хариуцлагын механизмыг бий болгохын зэрэгцээ хараат бус, тогтвортой ажиллах, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 2022 оноос олгож эхлэхээр тусгав.


    Музейн тухай хуультай уялдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийг тус тус баталсан. 

    Музейн тухай хуулийг баталснаар анх удаа музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тусгайлан хуулиар зохицуулж, үндэсний баялаг болох соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, аюулгүй байдал хангагдан, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж, музейн хөгжлийг шинэ шатанд гаргах таатай нөхцөл бүрдлээ. 

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл